Казино байгуулснаар 15-20 мянган ажлын байртай болох урьдчилсан тооцоолол гаргажээ
Үйл явдал
/
2023-01-20

Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2023.01.18) хуралдаан 14 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан байна. Төслөөр казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулж болохоор заажээ. Казинод Монгол Улсын иргэдийг тоглуулахыг, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахыг хуулиар хориглох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар заажээ.

Мөн казиногийн үйл ажиллагаанаас олсон нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 40 хувиар, эсвэл казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс 7 хоног бүр татвар ногдуулж авахаар тогтоожээ. Онцгой албан татварын хувь хэмжээг өндөр хувиар тогтоосон тул үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлөх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.

Монгол Улсын иргэд цахим мөрийтэй тоглоомын нэг л платформ дээр сар тутам 30 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байгаа гэх тоон мэдээллийг Х.Нямбаатар сайд дуулгаад, Цахим хөгжлийн яам болон холбогдох газрууд хамтран арга хэмжээ авахаар ажиллаж байгааг мэдээлсэн. Гишүүний тодруулсны дагуу казино байгуулснаар 15-20 мянган ажлын байр бий болно гэх урьдчилсан тооцооллыг хийснээ ажлын хэсэг танилцууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.