Ж.ЧИНБҮРЭН: 2023 оны Улсын төсөвт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13.7 тэрбум төгрөг суулгасан
Үйл явдал
/
2023-01-24

"Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын санаачлагаар өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр "Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь элэгний В, С, Д вирусын талаар иргэдэд мэдээлэл өгч, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулах, иргэдийн үзэл бодлыг сонсож чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх, тулгарч буй асуудлыг олонхын саналаар шийдвэрлэх, элэгний Д вирусын эсрэг эмийг импортлохтой холбогдуулан “Иргэдийн хяналт тавих түр хороо"-г байгуулах зэрэг үндсэн зорилгоор зохион байгуулагдлаа.

Иргэдийн зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар мөн Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ын эмч нар оролцлоо.

Монгол улсын хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1% нь гепатит С вирусийн халдвартай, 9.4% нь гепатит В вирусийн халдвартай, тэдгээрийн 51.3% нь гепатит В, Д вирусын хавсарсан халдвартай байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад элэгний В вирустэй 450 000 орчим хүн, түүнээс Д-компонент хэлбэртэй 240 000 орчим хүн байгаа гэх албан бус тоо мэдээлэл бий бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусын тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд Д хэлбэрийн тархалтыг 60-80% хэмээн тодорхойлжээ.

Одоогоор Монгол улсад элэгний гепатит Д вирустэй хүмүүст тохирох эм, эмчилгээ байхгүй байна. Дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусийн эсрэг дараах эм байна. Үүнд:

1.GILEAD компанийн Hepcludex эм - Тус эм нь АНУ-ын FDA-аас зөвшөөрөл авахаар өргөн мэдүүлсэн ч одоог хүртэл зөвшөөрлөө авч чадаагүй байгаа боловч тус эмийг Европын холбооны 2 улсад “болзолт зөвшөөрөл”-тэйгөөр хүлээн зөвшөөрсөн.

2.ОХУ-ын Mircludex эм- Тус эмийг зөвхөн ОХУ-д нийлүүлэх зөвшөөрөлтэй.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар дээрх Gilead компанийн Hepcludex эмийг 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/347 дугаар тушаалаар өнчин эмийн жагсаалт ("өнчин эм" гэж ховор тохиолддог өвчнийг эмчлэхэд болон улсын хэмжээгээр харьцангүй бага хэрэглэдэг эмийг хэлнэ) –д оруулсан.

“Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-аар дээрх эмийг Монгол улсад импортлох ажлын явц, Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас танилцуулав.

2020-2024 оны Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхээр тусгасан. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын 2023 оны Улсын төсөвт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13.7 тэрбум төгрөгийг суулган цаашид тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлийг эрүүл мэндийн яаманд өгсөн. Иймд тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос эхлэн элэгний гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарахаар болсон гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав.

 

 

 

 

                                                                              

                                                                                          

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.227.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.