Зургаан дэд төв буюу 93 мВт-ын хийн түлшээр ажилладаг дулааны станц барина
Үйл явдал
/
2023-01-25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийг ерөнхий инженер Б.Анхбаяр танилцуулав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтад зааснаар Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэйгөөр төлөвлөжээ.

Энэ дагуу Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр 2014-2023 он хүртэл гурван үе шаттай хэрэгжиж, зургаан дэд төвийг байгуулах юм. Одоогийн байдлаар Баянхошуу болон Сэлбэ дэд төвийг байгуулаад байна.

Баянхошуу дэд төвийн хүрээнд 6.5 км зам, 6.7 км дулааны шугам, ариутгах татуургын 17 км шугам байгуулсан бөгөөд нам даралтын 29 зуух буулгасан нь 17,020 тонн нүүрсний хэрэглээг хассан. Түүнчлэн дэд станц, усан сан, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын суваг, тохижилт, ногоон байгууламж, 70 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв зэргийг барьжээ.

Харин Сэлбэ дэд төвийн хүрээнд гурван гүүр, 6.8 км авто зам, 17 км дулааны шугам, ариутгах татуургын 2 км шугам, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын хоёр км суваг, усан сан, дулааны станц зэргийг байгуулж, 35 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугамд холбосон байна. Мөн 50 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв зэргийг барьжээ.

Төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1,000 дэд төвийг ашиглалтад оруулах бөгөөд ажил 46 хувьтай байгаа юм. Дамбадаржаа дэд төвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хороонд 70.7 га талбайг хамарсан төлөвлөлтийг хийж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Дэнжийн 1,000 дэд төвийн хүрээнд 93 мВт-ын хийн түлшээр ажилладаг дулааны станц барина. Төслийн хүрээнд мөн Сонгинохайрхан дүүрэгт 126 айлын орон сууц, аврах гал унтраах ангийн барилга барьж буй бөгөөд 650 хүний суудалтай спорт цогцолбор, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр, 240 хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн хөгжлийн төв зэргийг барих юм.

Харин гуравдугаар үе шат буюу Толгойт, Шархад дэд төвийн ажил 12 хувьтай байна. Толгойт дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34, 35 дугаар хороонд 153 га талбайг төлөвлөж, 5.7 км зам, 5.6 км дулааны шугам, 6.4 км усны шугам, ариутгах татуургын 7.2 км шугам, 5.8 км үерийн хамгаалалтын суваг татахаар төлөвлөжээ. Мөн эрүүл мэндийн төв, сургууль, Бизнес инкубатор сургалтын төв байгуулахаар төлөвлөсөн байна.

Төслийн хүрээнд 12 км цэвэр усны шугам татахаас 11 км-ийг нь хийгээд байгаа юм. Ингэснээр гэр хорооллын иргэдийн цэвэр усны хангамжийн найдвартай, хэвийн ажиллагааг хангана. Мөн УСУГ-ын 10 насос станцыг шинэчилснээр жилд эрчим хүчний 250 сая төгрөг хэмнэх болжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз эко хотхоны гадна инженерийн шугам сүлжээний ажлыг хийснээс гадна Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд 1,750 айлын барилгажих талбайн дулаанаас бусад инженерийн хангамжийн ажлыг хийсэн байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 10 сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийг бие даасан дэвшилтэт технологиор шийдвэрлэсэн. Төслийн хүрээнд нийт 1,352 нэгж талбарт 1,757 өрхийн газрыг чөлөөлжээ. Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн аж.

Өдгөө өмчийг хариуцагч байгууллагад шилжүүлэх, хил хаагдсанаас болж бараа, материалын үнэ өсөж, өртөг нэмэгдэж, нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай зэрэг асуудал тулгамдаж байгааг төслийн ерөнхий инженер Б.Анхбаяр хэллээ.

Мөн дулааны хоёр станц барих тул хугацааг 2025 оны арванхоёрдугаар сар болгож сунгах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Хотын дарга тулгамдаж байгаа асуудлуудаа албан бичгээр ирүүлж, ажил хаана гацаад байгааг тогтоож, асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.