Сурагчдын АМРАЛТЫГ СУНГАХГҮЙ хичээлийг хуваарийн дагуу оруулна
Үйл явдал
/
2023-01-27
Сурагчдын амралт дуусах дөхмөгц зарим эцэг, эхийн зүгээс ханиад томуу, өвчлөл их, цаг агаар хүйтэн байгаа учир амралтын хоногийг сунгах хүсэлтэй байгаа тухай нийгмийн сүлжээнд илэрхийлэх болсон.

Энэ талаар БШУЯ-наас тодруулахад сурагчдын амралтыг сунгахгүй гэлээ.

Харин зудын эрсдэлтэй байгаа аймаг, сумдын сургууль руу тухайн хүүхэд хичээлдээ ирэх боломжгүй бол  зохицуулалт хийж, уян хатан ажиллах үүрэг өгсөн байна.

Боловсролын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очир "Хоёрдугаар сарын эхэнд цаг агаарын нөхцөл ямар байх талаар судалж үзсэн. Судалгаагаар хур тунадас болон хүйтэн нь олон жилийн дундаж үзүүлэлттэй байсан. Түүнчлэн томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар байгаа талаар сүүлийн 10 жилийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаа тооцооллыг авч үзсэн. Ер нь бол сүүлийн нэг хоёр долоо хоногт харьцуулахад амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилж байгаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 0.1-0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тэгэхээр ханиад томууны өвчлөл, цаг агаар харьцангуй таатай байгаа тул сурагчдын хичээлийг хуваарийн дагуу оруулах болно" гэв. 

Сурагчдын амралт дуусаад хичээл ормогц ердөө гурван долоо хоног хичээллээд сар шинийн өдрүүд таарч, сурагчид мөн амрахаар байна. Тиймээс цар тахлаас улбаалсан хоцрогдол арилаагүй байгааг санаж нэг өдөр ч алдахгүй байх нь зөв гэв. Харин хөдөө орон нутагт зудархуу, зудтай байгаа аймаг сумд амьдарч байгаа сурагчдын хувьд тухайн сургуулиуд руу нь яамны зүгээс чиглэл өгчээ.

Одоогийн байдлаар 15 аймгийн 158 сум зудархаг, 19 сум нь зудархуу, 7-9 сум нь цагаан зудтай байна. 59 мянган малчин өрх. 3000 орчим өрх хүнд нөхцөлд байна.

Боловсролын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очир "Отроор өвөлжиж байгаа айл өрхийн хүүхдүүд ойролцоох сумын ЕБС-д нь түр хугацаанд хамруулах, орон нутгийн ЕБС-иуд хоорондоо мэдээлэл солилцох чиглэл өгсөн. Мөн зудын байдалтай зам харгуй хязгаарлагдсан нөхцөл байдалд байгаа бол тухайн хүүхдийг зам харгуй нээгдэхээр сургуульд явуулах үүрэг өгсөн" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.205.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.