Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон тус яамны газар, хэлтсийн захирлууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сайд Б.Батцэцэг гадаад улс орнуудад үүссэн нөхцөл байдлын улмаас их гүрнүүдийн аль нэгнийх нь байр суурийг баримтлах, аль нэг талд нь гарах талаар дарамт шахалтууд хөгжиж байгаа орнуудад нэмэгдэж байгаа. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг ярианыхаа эхэнд дурдав. Тэрбээр, Олон улсын харилцаанд маш их сорилтууд тулгарч байна. Тэнцвэртэй харилцаа хамтын ажиллагаа бидний гадаад харилцааны амин сүнс юм. Энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг бодлогын бүх баримт бичигтээ томъёолж, энэ бодлогоо 2022 онд маш сайн баримталж ажиллалаа. Энэ нь анхнаасаа зөв байж гэдгийг баталсан үйл явдлуудаар дүүрэн он байлаа. Сайдын хувьд гадаад харилцаан дээр гурван зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна.
Нэгдүгээрт, Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан олон тулгуурт гадаад бодлогын зарчим зөв хэмээн дүгнэж болохоор байна.
Хоёрдугаарт, Хоёр хөрш болон гуравдагч хөрш улсуудтай тэнцвэртэй харилцах, НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд байр сууриа хадгалж гадаад бодлого үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажилласан.
Гуравдугаарт, Дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширсан энэ үед бид зөв гадаад бодлого хэрэгжүүлснээр харьцангуй хохирол багатай даван туулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гадаад харилцааг эрс идэвхжүүлэх шаардлага үүссэн гэдгийг онцлов.
Гадаад айлчлалын талаар
2022 онд Монгол Улсын гадаад бодлого илүү идэвхтэй, эрчимтэй өрнөсөн. Манай улс өндөр дээд түвшинд 10 гаруй айлчлалыг хэрэгжүүллээ. Манай улсад Гадаад харилцааны сайд нар их цөөхөн айлчилж байсан. Өнгөрсөн онд хойд, урд хөрш болон гуравдагч хөрш улсуудын Гадаад харилцааны сайд нар айлчиллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн айлчлал Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жил, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой, Монгол Улс Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиосон жил манай улсад айлчиллаа. Айлчлах үеэрээ “Монгол Улсыг энхтайваны бэлгэ тэмдэг” хэмээн олон улсад нэрлэсэн нь чухал үйл явдал байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы нээлтэд оролцсон. Египт улсын Шарм Эль-Шейх хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцлоо. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал амаргүй, урд хөршийн хувьд өндөр дээд хэмжээний айлчлалуудыг танаж байсан үед 2022 онд Монгол Улс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын айлчлалыг БНХАУ-д үе шаттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд БНХАУ-тай харилцах хил боомт, ул стөрийн харилцаа, экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргасан.
Хилийн чинадад Монголчуудын талаар
Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар сэтгүүлчид маш их асууж, тодруулдаг. Энэ санд 2022 онд 200 сая, 2023 онд 392 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд сангийн зарцуулалтыг ГХЯ хариуцдаг. Сангийн хөрөнгөөр гадаадад хүнд нөхцөл байдалд орсон, буцаж ирж чадахгүй болсон иргэдэд туслахад зарцуулах журамтай. Энэ сангаас нэг хүнд олгох зардлын дээд хэмжээ 5 сая төгрөг л байдаг.
Сангийн хөрөнгийг өнгөрсөн жилүүдэд нас барсан иргэдийн шарилыг зөөх, эх орондоо ирэх боломжгүй туйлийн хүнд нөхцөлд орсон иргэдэд туслахад зарцуулсан байна. Энэ сангийн хөрөнгө хүрэлцдэггүй. 2022 онд 55 иргэн 206.3 сая төгрөг зарцуулсан. 2020, 2021 оны төсөв хаанаа ч хүрээгүй учир бид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудаас 3 тэрбум орчим төгрөгийн хандив босгож иргэдээ татаж авсан. 2009-2022 онд нийт 800 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн туслалцаа үзүүлсэн байна.
Монгол иргэд гадны орнуудад гэмт хэрэгт холбох, амиа алдах, мэдлэг мэдээлэлгүйн улмаас тухайн улсынхаа хууль дүрмийг зөрчих зэрэг эрсдэл цөөнгүй гарч байна. Долоо хоногт 2-5 зөрчил бүртгэгддэг. 2022 онд Монгол Улсын 762 иргэн гэмт хэрэгт холбогдсон. 144 иргэн хилийн чанадад нас барсан. Өнөөдрийн байдлаар 17 улсад Монгол Улсын 157 иргэн ял эдэлж байна. Ялтан солилцох хэлэлцээртэй улсуудтай яриа хэлэлцээ хийж, иргэн болгоныг эх оронд нь авчрах чиглэлд ГХЯ-ны Консулын газар байнга ажилладаг. Мөн гадаадад ял эдэлж байгаа монгол иргэддээ консулын туслалцаа үзүүлэх, ар гэртэй нь холбох ажлыг тогтмол зохион байгуулдаг. 2022 онд 42.8 сая төгрөгийг хилийн чанадад ял эдэлж байгаа 132 иргэнийг эргэж, бага боловч дэмжлэг туслалцаа үзүүлэхэд зориулжээ.
Монгол иргэд гадаад руу зорчсон тухай
2022 онд Монгол улсын 558 мянган иргэн гадаадад зорчсон байна. Манай улсын иргэд 23 улс руу бүх төрлийн паспортаар визгүй, 26 улс руу дипломат албан паспортаар визгүй зорчиж байна. Монгол Улсад гадны 61 улсын иргэд бүх төрлийн паспортаар визгүй зорчиж байна. 38 улсын иргэд Монголд дипломат албан паспортаар зорчдог. Монгол Улс визийн хөнгөн нөхцөлтэй бөгөөд бусад улс орнуудаас evisa.mn хаягаар нэвтрэн цахим виз аваад, хил дээр тамга даруулан нэвтэрч болно. Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд манай улс олон орныг визээс чөлөөлсөн. Эргээд өндөр хөгжилтэй орнууд руу монгол иргэдийг визгүй зорчуулах тухай яриа хэлэлцээг байнга явуулдаг. БНСУ-тай визийн хөнгөлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр өндөр дээд хэмжээнд монгол иргэдийг ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болох санал тавихаар урьдчилсан бэлтгэл хангаж байна.
2022 оны зургаадугаар сараас эхлэн БНСУ-ын Чежү арал, Яньян нисэх онгоцны буудал дээр бүлэг жуулчдыг визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Ажиллах болон амрах визийн харилцан ойлголцлын санамж бичгийг Австрали улстай 2022 оны гуравдугаар сард байгуулсан. Энэ нь жил бүр 18-30 насны 100 хүртэлх тооны залуусыг Австралид ажиллаад, сурах боломжийг бүрдүүлсэн хөтөлбөр юм. 2022 оны долоодугаар сараас эхлэн 264 иргэн хүсэлтээ илгээж, виз мэдүүлсэн. Үүнээс тодорхой шалгууруудыг хангасан 100 иргэн виз авч Австрали улсыг зорьсон. Дараагийн бүртгэл 2023 оны долоодугаар сард эхэлнэ.