Сумдын Эрүүл мэндийн төвүүдийн цэвэр усны хангамжийг сайжруулах санал тавилаа
Үйл явдал
/
2023-02-02

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын хүнд үеийг хохирол багатай даван туулахад олон улсын байгууллага тэр дундаа Дэлхийн банкны санхүүгийн туслалцаа дэмжлэг их байсныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Дэлхийн банкнаас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар хийсэн уулзалтынхаа эхэнд онцлов.
Уулзалтад Дэлхийн банкны зүгээс эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч Викрам Ражан, эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Кэйт Мандевилл болон Монголын талаас төслийн хамтран удирдагч Г.Пагма тэргүүтэй Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхан, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Дэлхийн банкны санхүүжилтээр 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн “Монгол Улсад короновируст халдвар (ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлснийг дурдаад төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Төслийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, УГТЭ, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, ЭНЭҮТ II эмнэлгүүдэд эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийг сургах зэрэг ажлыг хийсэн бөгөөд ковидын эсрэг вакцин худалдан авах зардалд санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн улсын хоёр, гуравдугаар  шатлалын эмнэлгүүдийг ковид-19 халдварын эмчилгээ болон оношилгоонд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, ХӨСҮТ-ийн дэргэд Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулахыг шинээр барьсан. Эдгээр арга хэмжээний үр дүнд оношлогоо, яаралтай тусламж, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирсныг С.Чинзориг сайд тэмдэглээд ковидын нөхцөл харьцангуй зөөлөрч, бүхий л түвшинд энгийн амьдралд шилжиж байгаатай холбоотойгоор цар тахалтай тэмцэх, ковидын талаарх мэдлэг, урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавхыг бэхжүүлэх арга хэмжээний ач холбогдол байхгүй болсон тул төслийн санхүүжилтээс үлдсэн 6.5 сая ам.долларыг сумдын Эрүүл мэндийн төвүүдийн цэвэр усны хангамжийг сайжруулж, орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоход зарцуулах боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  

Дэлхийн банкныхан Монгол Улс цар тахлын амаргүй хүнд үеийг харьцангуй хохирол багатай даван туулахад эрүүл мэндийн салбарынхны хичээл зүтгэл өндөр байсныг тэмдэглээд нас баралтын түвшин бусад улс оронтой харьцуулахад доогуур, вакцинжуулалтад хамрагдсан хувь өндөр байснаас гадна хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг нийгмийн хамгааллын зөв бодлого явуулсан нь ковидын үеийг хохирол багатай давахад нөлөөлсөн гэдгийг хэлж байлаа.
Тэд сумдын ЭМТ-ийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоход дэмжлэг үзүүлж төслийн үлдэгдэл санхүүжилтийг зарцуулах Эрүүл мэндийн сайдын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд шаардлагатай бол төслийн хэрэгжих хугацааг сунгах боломжтой гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.