Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 хийсэн ажлын тайлангаа танилцууллаа
Үйл явдал
/
2023-02-02

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2023.02.01) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд нар оролцов.

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо найман удаа хуралдаж, 16 асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажилласан гэдгийг Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин мэдээллийн эхэнд тэмдэглэлээ.

Мөн байнгын хорооноос Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мөн хөрөнгийн зах зээлээр дамжуулан аж үйлдвэржилтийн шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар Байнгын хорооны тогтоол гарган, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгчээ. Тухайлбал, Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын ашиг шим, түүхий эдийн бодит нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл, технологийн паркуудын чиглэл, байршил, хүчин чадал зэргийг нэгдсэн бодлогоор зохицуулах, “Дархан арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх, баруун, зүүн  бүсийн үйлдвэрлэл, технологийн паркийн /Ховд, Дорнод/ дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд томоохон төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй болгож, иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан худалдаалах эрх зүйн зохицуулалтуудыг холбогдох хууль, тогтоомжид тусгах талаар Засгийн газарт чиглэл өгч ажилласан. Ингэснээр Төрийн банк болон “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компани болгож, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэлийг ханган ажиллаж байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.

Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Ноолуурын салбарыг дэмжиж, самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх”, мөн “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг олон улсын жишигт хүргэнэ” гэж заасан.

Үүнтэй холбоотойгоор Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлаас баталсан ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийгдэж чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотой тогтоолын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа ноос, ноолуурын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзжээ.

2022 оны экспортын бүтцээс харахад манай улсын нийт экспортын 84.9 хувийг  БНХАУ эзэлж байна. Манай улс нийт бэлтгэсэн ноолуурынхаа 70-80 хувийг зөвхөн угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулж байна. УИХ-ын тогтоолын дагуу ноолуураа самнаад гаргавал Европын холбооны улсууд болон бусад улсын зах зээлд нийлүүлж, нэг улсын хэт хараат байдлаас гарах боломжтой юм.

Ингэснээр угаасан ноолуурыг экспортод гаргахгүй, 4.5 мянган тонн хялгасыг нь ялгасан буюу самнасан ноолуурыг экспортолж, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж, салбарын борлуулалтын орлогыг 290 гаруй сая ам.доллароор өсгөх, 4000 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрүүд нь самнасан ноолуурын гол импортлогч улсууд болох Итали, Англи, Франц зэрэг улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэрээ хэлцлүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан дотоодын үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх жилүүдээс 2.7 дахин нэмэгдэх төлөвлөгөөтэй байгааг Байнгын хорооны гишүүд хэллээ.

Дээрх тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2023 онд 34 үйлдвэр 8,2 мянган тонн ноолуур худалдан авах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үйлдвэрүүдийн зүгээс ноолуурын үнийг бууруулахгүй байхад анхаарч ажиллахаа Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэн байна.

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулан дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажилласан.

Түр хорооноос хууль, эрх зүйн орчныг сайжруулах, санхүү төсвийн асуудлыг шийдвэрлэх, мал аж ахуйн болон мал эмнэлэг, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий таван ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ. Эдгээр ажлын хэсгүүд нийт 31 удаа хуралдаж, боловсруулсан санал дүгнэлтээ 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан байна.

Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх Түр хорооны тогтоолыг батлан гаргажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.