Нийт нутгийн 70 гаруй хувьд ЗУДЫН ЭРСДЭЛ их байна
Үйл явдал
/
2023-02-05
Энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар шинэчилж гаргасан (5 дахь удаагийн) зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.

Аймгийн дүнгээр үзвэл Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгууд нийтдээ зудын эрсдэл ихтэй гарлаа. Өмнөх зурагтай (XII/01) харьцуулахад зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан. Хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон, ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн байна

Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна.

Өнгөрсөн жил гантай болон гандуу газар нутгийн хэмжээ их байсан, эрт цас орсон, цасны зузаан нэмэгдсэн, өвлийн эхэн сард ихээхэн хүйтэрсэн зэргээс шалтгаалан зудын эрсдэлийн зургийг нийтдээ 4 удаа (X/20, X/31, XI/20, XII/01) боловсруулж гаргасан. Өөрөөр хэлбэл, зудын эрсдэлийг 10 дугаар сарын 20-оос эхлэн зураглаж, цас, хүйтний нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай бүрт зургийг шинэчилэн гаргаж, зудыг эртнээс сэрэмжлүүлж, мэдээлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.129.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.