Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 3500-д хүрчээ
Үйл явдал
/
2023-02-08

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 3500-д хүрээд байна. Эхний газар хөдлөлтийн голомт Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Газиантеп хотод орон нутгийн цагаар 04:17 цагт 17.9 км-ийн гүнд болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн. Түүнээс хойш 4 магнитудээс дээш хүчтэй 77 удаагийн чичиргээ мэдрэгдлээ гэж Туркийн Онц байдал, гамшигтай тэмцэх газраас мэдээллээ. 

Хоёр дахь газар хөдлөлт Туркийн  зүүн өмнөд хэсгийн Кахраманмараш мужид 7 км-ийн гүнд 7.6 магнитудын хүчтэй болсон байна. Туркийн аврах албанаас мэдээлснээр амиа алдагсдын тоо 2316, Сирид 1293-д хүрээд буй талаар мэдээлэв. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амиа алдагсдын тоо найм дахин өсөх магадлалтайг анхааруулж байв. ДЭМБ-ын Газар дундын тэнгис дэх Онцгой байдлын асуудал эрхэлсэн бүсийн захирал газар хөдлөлтийн голомт руу түргэн тусламжийн багууд илгээхээр судалж байна гэжээ.

Олон улсын аврах хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Кэй амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайхад аврах ажиллагааг чиглүүлэн ажиллана гэжээ. Тэрээр "Амиа алдагсдын тоо өссөөр байх хандлагатай байна. Ялангуяа Сирийн хойд хэсэгт. Эрүүл мэндийн систем нь ийм хэмжээний хямралыг даван туулахад хангалтгүй байна" гэв.

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу Газиантеп, Кахраманмарас, Хатай, Османие, Адьяман, Малатья, Шанлиурфа, Адана, Диярбакир, Килис зэрэг 10 хот газар хөдлөлтөд өртсөн талаар мэдээлжээ. Мөн нийслэл Анкара болон Туркийн бусад хотууд, мөн бүс нутгийн хэмжээнд Кипр, Ливан, Сирид мэдрэгдсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.57.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.