Нурсан барилгаас дөнгөж төрсөн нярайг аварчээ
Үйл явдал
/
2023-02-09

ДАМАСК. /BBC/. Сирийн баруун хойд нутагт даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын нурангин доороос дөнгөж төрсөн нярай охиныг аварчээ.

Охины ээж газар хөдлөлт болсны дараахан амаржиж, хүүхдээ төрүүлээд өөд болсон гэж нэгэн хамаатан нь ярьжээ. Түүний аав, дөрвөн ах эгч, авга ах нь мөн амиа алдсан байна.

Жандарис хотын нэгэн барилгын нурангин доороос олдсон нярайг ойролцоох Африн хотын эмнэлэгт хүргэсэн байна. Охины биеийн байдал тогтворжсон гэж уг эмнэлгийн эмч мэдээлжээ.

Охины гэр бүлийн амьдарч байсан байшин нь Жандарист 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан 50 орчим барилгын нэг юм. Сөрөг хүчний хяналтад байдаг тус хот нь Турктэй хил залгаа Идлиб мужид оршдог.

Сирид бaйгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1800 даваад байгаа талаар Дамаскт төвтэй Засгийн газар болон “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага мэдээлсэн байна. “Цагаан дуулгатнууд”-ын сайн дурынхан сөрөг хүчний хяналтад байдаг газруудад тусламж үзүүлж байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эш татан “AFP” агентлагаас мэдээлснээр, Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 7800 давжээ. Туркт 5894 хүн, Сирид 1932 хүн амь эрсэдсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.92.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.