Нийт нутгийн 60 орчим хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна
Үйл явдал
/
2023-01-04
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ. Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан.
Одоогийн байдлаар Монгол улсын нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байгаагаас Алтай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их хэмжээний цасан бүрхүүл тогтоод байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд малчдын түвшинд өвс, тэжээл 84.5 хувьтай, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 80.0 хувиар бэлтгэсэн байсан ч цас ихтэйн улмаас мал байнгын тэжээлд орж хэрэгцээ улам нэмэгдэж, хэвийн жилд хэрэглэдэг өвс, тэжээлээс 2-4 дахин их өвс, тэжээл шаардлагатай байна. Сумдын өвс, тэжээлийн эхний нөөц дуусаж, дараагийн татан авалтаа хийж байгаа бөгөөд цас ихтэй сумдад 2-3 хоног тутамд малчны хот руу зам гаргахаар хүнд даацын автомашинуудыг ашиглаж байна.
Зудын эрсдэлийн дүгнэлтээс үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага эрсдэлтэй байгаа юм. Цаашид ч цагийн байдал хүндэрч, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо ихсэх хандлагатай байна.
Мөн Төв аймгийн зарим сумдад ажиллаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Цаашид баруун болон говийн аймгуудад ажиллахаар төлөвлөж байгааг УОК-ийн дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
May be an image of 5 people, people sitting, people standing and indoor
Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж Улсын онцгой комиссоос Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймагт тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт өвс, тэжээл буюу нийт 1,171 тонн өвс, 8,024 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгох саналыг Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.
Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах анги, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Баянтэс, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Завхан аймгийн Отгон зэрэг сумдын ЗДТГ, ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин олгоод байна.
Энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тундас дунджын орчим, зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээнээс газраас мэдээллээд буй.
Харин эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар их засвар 97.5%, техник, зохион байгуулалтын арга хэмжээ 95%, хөрөнгө оруулалт 92.5%-ийн биелэлттэй байна. Эрчим хүчний салбарын 33 үйлдвэр, компанийн хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 95.7 хувийн гүйцэтгэлтэй байгааг танилцуулсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.167.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.