Цахим залилангаас сэргийлэх нь
Үйл явдал
/
2023-02-07

Нийгмийн сүлжээнд олон төрлийн платформууд байдгаас хамгийн олон хэрэглэгчтэй, түгээмэл ашиглагддаг нь фэйсбүүк юм. Бид нийгмийн сүлжээг мэдээ мэдээлэл хүлээн авах, түгээх, дэлхийн өнцөг булан бүрээс бусадтай харилцаа холбоо тогтоох гэх мэт байдлаар өдөр тутамдаа ашигладаг. Гэвч жил бүр сошиал суваг хэрэглэгчдийн тоо өсөхийн зэрэгцээ хуурамч хаягууд ихээр нэмэгдэж фэйсбүүк, сошиал орчинг буруугаар ашиглан залилах, хууран мэхлэх гэмт хэргүүд мөн үйлдэгдсээр байна. Үүнд зээл олгох, санхүүгийн тусламж, буцалтгүй тусламж үзүүлэх нэрийдлээр хууран мэхэлж бусдын мэдээллүүдийг цуглуулан улмаар түүнийгээ ашиглан цахим залилан үйлдэж, хохирол учруулж мөн бусдыг татан оролцуулж байдаг.

Хуурамч хаяг, пост, сэтгэгдлүүдийг таниагүй, нягтлаагүйгээс үүдэн өөрийн хувийн болон санхүүгийн мэдээллээ алдах, луйврын гүйлгээ хийгдэх, мөнгө шилжүүлэн залилуулах зэрэг эрсдэлтэй байдаг.

Иймд өдөр тутамдаа өөрийн мэдээллээ алдахаас сэргийлж мэдээллийн аюулгүй байдлын дараах зөвлөмжүүдтэй танилцана уу.

Хувийн мэдээллээ дамжуулахгүй байх:

  • Хуурамч сошиал хаягуудад итгэн өөрийн хувийн мэдээлэл болох регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт хувийн мэдээллүүдээ өгөхгүй байх
  • Дансны дугаар, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг өөрийн санхүүгийн нууц мэдээллүүдээ бусдад дамжуулахгүй байх

Цахим орчны эрсдэл:

  • Зээл болон хонжвор сугалаа, буцалтгүй тусламжтай холбоотой пост, комментуудад хариу бичихгүй байх, чат мессенжерээр холбогдон мөнгө шилжүүлэхгүй байх
  • Өндөр ашиг, урамшуулал амласан сүлжээ залилангаас болгоомжлох, хураамж, төлбөр, нотолгоо зэрэг нэртэйгээр нэхэж буй мөнгийг шилжүүлэхгүй байх
  • Дансны дугаар, утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт хувийн болон санхүүгийн мэдээллүүдээ интернэт орчинд байршуулах нь таны мэдээллийг ашиглан луйврын гүйлгээ хийх, залилангийн гэмт хэрэг үйлдэгдэх өндөр эрсдэлтэй
  • Онлайн ажил нэрийдлээр таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, дансны дугаар зэргийг авахыг хүсэх нь луйврын гүйлгээ, залилан хийх өндөр эрсдэлтэй тул ямар ч тохиолдолд татгалзах.
  • Бусдыг залилах зорилготой хуурамч пост, мэдээ мэдээллүүдийг интернэт орчинд шэйр хийн түгээхгүй байх
  • Сошиал хаягуудыг сайтар нягтлан хуурамч эсэхийг шалгадаг байх, хуурамч тохиолдолд репорт хийдэг байх

Банктай харилцах:

  • Зээл болон бусад банкны үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг зөвхөн тухайн банкны албан ёсны хуудас, веб сайт болон салбар, тооцооны төвүүдээс авдаг байх
  • Банк харилцагчийнхаа мэдээллийг и-мэйлээр, утсаар болон цахим орчинд хэзээ ч асуудаггүй, шинэчилдэггүй болно.
  • Хэрэв та цахим луйварт өртөж мэдээллээ алдсан, хохирсон тохиолдолд нэн даруй цагдаагийн алба болон хамааралтай банкандаа мэдэгддэг байх

Та цахим орчинд өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа сайтар ханган өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлээрэй.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.145.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.