“Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар боллоо
Үйл явдал
/
2023-02-15

Английн агуу сэтгэгч, эрдэмтэн Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жил, Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран эрдэм шинжилгээний семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь эрдэмтэн Фрэнк Рамсейн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, улмаар судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдийг хэлэлцүүлж, санал бодлоо солилцоход оршив.

Семинарын үеэр дараах сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

  • Профессор Ц.Дашдорж “Рамсейн онол ба Коминаторик”
  • Академич Р.Гончигдор “Арифметикийн прогрессийн тухай Вандервардений теорем”
  • Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Ган-Очир “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлоход Рамсейн онолыг ашиглах нь”,
  • Доктор Б.Баясгалан “Рамсейн бодлогууд Монголд”
  • Доктор Ч.Анхбаяр “Рамсей ба татварын онол”,
  • Профессор М.Отгонбаяр “Рамсей ба философи”
  • Доктор Б.Лхагважав “Рамсейн татварын оновчлол”
  • Академич Р.Энхбат “Рамсей ба оновчтой удирдлага”.

Рамсей эдийн засгийн шинжлэх ухаанд математик загварчлалын чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд эдийн засгийн өсөлтийн болон татварын оновчлолын загваруудыг анхлан боловсруулсан юм. Түүний математик, эдийн засгийн чиглэлд хийсэн судалгаануудыг орчин цагийн эдийн засагчид өндрөөр үнэлдэг төдийгүй өсөлтийн загвар нь түүний нэрээр нэрлэгдэн зуун дамжин хэрэглэгдсээр буй юм.

Монгол Улсын хувьд Рамсейн теоремтой холбоотой үр дүнгүүдийг математикч Я.Санжмятав, А.Мекей, Ц.Дашдорж, Р.Гончигдорж, Б.Баясгалан, П.Энхболд нар хөгжүүлсэн байдаг.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.