А.АЛТАНЗУЛ: Монгол Улсын хувьд нэг улсын харьяат байхыг хуульчилж өгсөн
Үйл явдал
/
2023-02-15

"Зөвлөлдөж шийдье" уулзалтын үеэр иргэний болон улс төрийн эрх, хариуцлагын асуудлаар Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзул мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эхний асуудал бол гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяалалгүй иргэдийн эрхтэй холбоотой. Энэ бол хүний оршин суугаа газраа чөлөөтэй сонгохтой холбоотой. 200 мянга орчим Монгол Улсын иргэн гадаадад амьдарч байна. 

Эдгээр иргэнд харьяаллын асуудал тулгардаг. Монгол Улсын хувьд нэг улсын харьяат байхыг хуульчилж өгсөн. Гадаадад байгаа иргэдийн тодорхой хувь нь нутаг дэвсгэрийн зарчмыг хүлээн зөвшөөрсөн улс оронд ажиллаж амьдарч байна. Хүүхдүүд нь тэнд төрж өссөн учраас автоматаар уг улсынхаа иргэн болдог. Хүүхдийн хувьд насанд хүрээд тодорхой сонголт хийж болно. Хоёрдмол харьяаллын асуудал бий болно. Манай улсын хувьд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид хязгаарлагдмал хоёрдмол харьяаллын асуудлыг ярьж, судалж болох юм. 

Гадаадад төрж өссөн иргэний харьяаллын асуудлыг бид судалж үзэх шаардлагатай юу? Манай улс Гадаадын иргэн харьяатын хуульдаа нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатай юу гэдэг талаар зөвлөлдөх санал асуулгаар иргэдээс асууна. 

Гадаадад төрсөн монгол иргэдэд харьяалал олгох нь:

  • Өндөр хөгжилтэй оронд төрж өссөн, боловсрол эзэмшсэн хүний чадварыг өөрийн улсын хөгжил дэвшилд ашиглах,
  • Гадаад улсад төрсөн иргэний хөрөнгийг өөрийн улсдаа татаж, үндэсний хөрөнгө оруулагч гэж дэмжих, 
  • Хүн ам зүйн бодлого буюу хүн амаа өсгөх, 
  • Уугуул соёлоо гадаад улсад сурталчлах, хоёр улсын "ардын дипломат харилцааг бий болгох", 
  • Өөрийн төрөл садан ах дүү нартайгаа визгүйгээр чөлөөтэй уулзах давуу талтай" гэсэн юм. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.27.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.