Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллалаа.
“Замын-Үүд” боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг дангаар бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.
Замын-Үүд боомтын барилга, дэд бүтцийн барилга угсралтын ажил 91 хувьтай байна
Замын Үүд боомтын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:
• Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
• Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
• Хүнд даацын автозамын барилгын ажил,
• Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
• Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 91 хувьтай байна.
Зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин, ачаа тээврийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлнэ
Зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дулаан, цахилгаан хангамж, цэвэр ус, ариутгах татуурга бүхий инженерийн дэд бүтцийн ажил, автозам талбай, явган зам, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэжээ.
Зорчигч тээврийн цогцолборын хөдөлгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн байна.
Тус цогцолбор нь зорчигч тээврийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлснээр өдөрт 20 хүртэлх мянган хүнийг нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартад нийцсэн 30 барилга, байгууламжаас бүрдэж байна.
Харин Ачаа тээврийн хэсгийн барилга угсралтын ажлын явц 85 хувьтай байгаад бөгөөд 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно.
Ачаа тээврийн хэсэг нь ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх юм.
“Замын-Үүд” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчилж, цаашлаад боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр Монгол, Хятадын худалдааны эргэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа энэ үеэр онцолж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 11 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж, хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэхээр болж, энэ хүрээнд хил боомтын чиглэлээр дээд түвшний гэрээ хэлцлүүдийг амжилттай тохиролцсон билээ.
Тус айлчлалаар хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд, Эрээний боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, эргэлтийг нэмэгдүүлэх болон Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомт, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох зэрэг олон чухал асуудлыг харилцан тохиролцсон.
Ялангуяа, БНХАУ-ын талаас хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхээ илэрхийлж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй сайжруулахад монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр хэллээ.
Замын-Үүд боомтын шинэчлэлийн энэ бүтээн байгуулалт нь монголчуудад өргөн боломж бололцоог нээж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Замын-Үүд дэх Ложистикийн төв 2022 онд гурван сая тонн ачаа нэвтрүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Ложистикийн төвд ажиллалаа.
Тус төв нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж, 2018 онд ашиглалтад орсон юм.
Ложистикийн төв нь жилд дунджаар хоёр сая тонн ачаа нэвтрүүлж байсан бөгөөд 2022 онд гурван сая тонн ачаа нэвтрүүлж, ачаа тээвэр нэмэгдсэн.
Мөн ложистикийн төв жилд 100 мянга гаруй чингэлэг нэвтрүүлж, цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж байв.
Тухайлбал, тус төв нь 2021 онд нийт 100 мянга орчим чингэлэг тээвэрлэсний 80 мянга нь транзит чингэлэг, 20 мянга нь импортын чингэлэг байсан байна. Харин 2022 онд нийтдээ 130 мянган чингэлэг тээвэрлэж, үүний 75 мянгыг импортын чингэлэг болгон нэмэгдүүлж ажиллажээ.
Мөн 2022 онд Монгол, Хятадын худалдааны эргэлт 13.6 тэрбум ам.долларт хүрсэн. Худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд Замын-Үүд боомт дахь Ложистикийн төвтэй адил хүчин чадал бүхий ложистикийн төвүүдийг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад нэн түрүүнд барихаар төлөвлөж байгааг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа хэлэв.
БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монголын тал өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авч, түргэн, шуурхай ажиллах хэрэгтэй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.
-
5 цаг 15 мин
-
10 цаг 59 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин