Гэмт хэрэг зөрчлийн дуудлага өмнөх 14 хоногоос 21 хувиар өсжээ
Үйл явдал
/
2023-02-28

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 18,804 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 1.8 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 503, зөрчлийн шинжтэй 12,283, мөн хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1311, зам тээврийн ослын 4585 гомдол, мэдээлэл хүлээж авсан.  Хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурсан бол залилан болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн тоо өссөн байна” хэмээлээ. Мөн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 1401 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх 14 хоногоос 21 хувиар өсжээ.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 54 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрийн ойр орчим, уулзвар, гарцад дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс 134 алба хаагч халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллалаа. Мөн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон бусад 30 орчим сүм хийдэд зохион байгуулсан ном хурах үйл ажиллагааны үеэр давхардсан тоогоор 32 анги, байгууллагын 4288 алба хаагч, 335 тээврийн хэрэгсэл, 300 хамгаалалтын хайстайгаар ажиллаж хэв журам сахиулав.

Харин замын хөдөлгөөн зохицуулалтын хувьд 229 хяналтын цэгт давхардсан тоогоор 524 алба хаагч ажиллаж, 29,328 зөрчил илрүүлсэн байна. Түүнчлэн хяналтын камераар 20,514 зөрчил илрүүлсэн тухай Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам тээврийн ослын дуудлага 3875 бүртгэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 582 зөрчил илрүүлснээс 25 нь осол гаргасныг тэрбээр онцолсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.107.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.