Ж.АМАРСАНАА: Янз бүрийн ТУРААХ БЭЛДМЭЛ элэгний өвчлөл, үрэвсэлд ихээхэн нөлөөлдөг
Үйл явдал
/
2023-03-02

Монгол улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг гэсэн харамсалтай тоо баримт бий. Тэгвэл Монголчуудын элэгний өвчлөлд гол нөлөөлөгч хүчин зүйлс юу байдаг талаар Happy Veritas эмнэлгийн Ерөнхий эмч Ж.Амарсанаагаас тодрууллаа.

Ж.АМАРСАНАА: Монголд элэгний өвчлөл их байгаагүй ч 1960-аад оноос эрс нэмэгдсэн. Энэ нь элэгний вирусын халдвартай холбоотой. Дээр үед үүнийг шипризны шар гэж нэрлэдэг байсан. Элэгний өвчлөл үүсэх үндсэн долоон шалтгаан бий. Үүнд:

Нэгдүгээрт, Элэгний B, C, D вирусын халдвар: Вирусын халдвар Монголчуудын дунд маш элбэг болсон

Хоёрдугаарт, Архины хэт хэрэглээ: 

Архинаас үүдэлтэй өвчлөл хэдэн хувийг эзэлдгийг тодорхой хэлж мэдэхгүй ч маш өндөр байдаг.

Архины эсрэг хувь хүний ухамсар чухал хэдий ч төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ дутмаг байна. Сар бүрийн 1-нд архи заруулдаггүй байсан ч одоо больчихсон. Ганц өдөр ч гэсэн архи заруулахгүй байх нь зөв. Дор хаяж долоо хоногт нэг өдөр зарахгүй байвал их үр дүнтэй гэж бодож байна.

Гуравдугаарт, Элэгний өөхжилт: Энэ нь буруу хооллолттой холбоотой. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй элэгний өөхжилт асар их болсон байна.

Дөрөвдүгээрт, Эмийн зохисгүй хэрэглээ:

Эмийн буруу хэрэглээ болон янз бүрийн тураах бэлдмэл, сүлжээний эм бэлдмэл ихээхэн нөлөөлдөг.

Түүнээс гадна ургамлын гаралтай эмчийн зааваргүй янз бүрийн бодисууд их хэрэглэж байна. Тухайлбал, хусны хаг, эгүүшин, чаг мөөг, ганга өвс зэрэг ургамлыг ам дамжсан яриагаар сайн гэж итгэн авч хэрэглэснээс элэгний хордлогод ордог. Мөн тураах янз бүрийн эм бэлдмэлүүд, уураг зэргээс болж элэг их гэмтдэг гэдгийг иргэд маань төдийлөн мэддэггүй.

Тавдугаарт, Төмрийн илүүдэл. Төмөр ихтэй бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод төмөр илүүдэж, нүүр харлаж, цусан дахь гемоглобины хэмжээ нэмэгдээд ирэхээр л элэгний өвчлөлтэй болсон байдаг. Монголчуудын хувьд мах их хэрэглэдгээс болж төмөр илүүдэх эрсдэл үүсдэг.

Зургаадугаарт, Цөсний өвчлөл: Цөсний чулуу, цөсний өвчлөл ч мөн элэгний үрэвсэлд нөлөөлдөг. Яагаад гэвэл элэгнээс цөс ялгарч, цөсний замд элэг байдаг учраас цөс маш их нөлөөтэй. Заавал цөсөө эмчлүүлэх шаардлагатай.

Долоодугаарт, 30-50 насны эмэгтэйчүүдэд ихэвчлэн тусдаг үрэвсэлт өвчин бий. Хэдийгээр ховор тохиолддог ч эдгэрэхэд хэцүү өвчин.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.