У.Хүрэлсүх: “Хүнсний хувьсгал”-д хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн оролцоо, манлайлал, хүчин чармайлт хамгийн чухал
Үйл явдал
/
2023-03-04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ.

Зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн  санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм. Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

ЗӨВЛӨГӨӨНӨӨР:
  • “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт”,
  • “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ”,
  • “Хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын санхүүжилт”,
  • “Үндэсний үйлдвэрлэл ба экспорт”,
  • “Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл”,
  • “Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах”,
  • “Тахианы аж ахуйн үйлдвэрлэл ба хүн амын хүнсний хангамж дахь оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсоно.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашид хүнс экспортлогч орон болох их үйлсэд хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж буй эрхэм хүндэт Та бүхэнд гүн талархал илэрхийлж, “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Цар тахал, геополитик, гео-стратегийн нэн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар тээвэр логистикийн саатал үүсэж, улс орнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж, цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэхэд томоохон сорилт, бэрхшээл учраад байна.

Тухайлбал, НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 350 сая хүнээр нэмэгдсэн байна.

Мөн цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж               2.5 дахин нэмэгджээ.

Түүнчлэн дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдээд буй нийт хүн амын тоо цар тахлын өмнө 678 сая байсан бол 2021 онд 150 саяар нэмэгдэж 828 сая хүн болжээ.

2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын найман хувь буюу 670 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байх төлөвтэйг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна.

Мөн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий дахинд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс шалтгаалан эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж буй хүний тоо буурч байна.

НҮБ-ын судалгаагаар 2020 байдлаар дэлхийн 3.1 тэрбум хүн эрүүл, шим тэжээлтэй хүнс худалдан авч чадахгүй байна.

Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж байна.

Олон улсын байгууллагуудын судалгаа нь цаашид нөхцөл байдал улам дордож, хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.

Энэ нөхцөл байдал, бодит эрсдэлийг бид соргогоор мэдэрч, сэргэгээр төлөвлөн ажиллах учиртай.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдал нь хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эрсдэлтэй, ямар эмзэг нөхцөл байдалтай байгааг бидэнд мэдрүүлж, Монгол Улс “Үйлдвэрлэгч орон” болохын чухлыг дахин санууллаа.

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, инфляц 16 хувийг давж, ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр туссан.

Тиймээс тээвэр логистик саатах, хил боомт хаагдах, өвчин зовлон, цар тахал, дайн дажин дэгдэх зэрэг онцгой нөхцөл байдал дахин бий болоход ямагт бэлэн байх ёстой гэдгийг бид сайтар ухамсарлах ёстой.

Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цаг дор бусдын боол болсон хэмээн бод” хэмээн айлдсан байдаг.

Иймд эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлэхэд төр, засаг, хүн бүр хичээн зүтгэж, хамтран ажиллах учиртай.

Энэ бол Монгол төрийн үүрэг төдийгүй монгол хүн бүрийн үүрэг хариуцлага, эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр, гавьяа зүтгэл гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Хүн бүр “Эх орон надад хэрхэн тусалж, намайг хэрхэн дэмжих вэ гэхээсээ илүүтэй би эх орныхоо төлөө юу хийж бүтээж чадах вэ” гэж дор бүрнээ тунгаан бодож, өөрөө өөрөөсөө асуух цаг нэгэнт болжээ.

Энэ бол бидний цаг алдалгүй хийх ёстой сэтгэлгээний хувьсгал билээ.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн улс орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхлүүлж, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилт санаачлан дэвшүүлсэн.

Энэ хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.

Энэ хөдөлгөөний хэрэгжилтэд зориулан 2023 оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг юм.

Мөн УИХ-аас тусгайлан Түр хороо байгуулж, төлөвлөсөн бодлого, арга хэмжээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой сайтар уялдуулах, хүний нөөцийг бэлтгэх, санхүүжилтийг нарийвчлан шийдвэрлэх болон удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зэрэг тодорхой чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон.

Үүнтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газар шаардлагатай тогтоол, шийдвэрүүдийг шуурхай батлан гаргалаа.

Түүнчлэн санхүүгийн салбар, тэр дундаа арилжааны банкууд үндэсний  хөдөлгөөнийг дэмжиж, 2023 онд Засгийн газрын хүүгийн татаастай нийт нэг их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийг хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэнд олгон, “Хүнсний хувьсгал”-ыг бодитоор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

Энэ ташрамд эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйлсийг дэмжин ажиллаж буй банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийнхэндээ нийт ард түмний өмнөөс гүн талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.70.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.