Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.27) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 14 минутад эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Эхлээд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, М.Оюунчимэг, Б.Энхбаяр нар ажиллажээ. Ажлын хэсэг төслийн талаар зарчмын зөрүүтэй 35 саналын томьёолол, найруулгын 3 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулснаа танилцууллаа. Зарим нэр томьёоны тодорхойлолтод өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн бөгөөд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын даргад тавигдах шаардлагыг бусад хуульд нийцүүлэх, иргэний нисэхийн дүрмийн талаарх зохицуулалтад өөрчлөлт оруулах, нислэгийн үйл ажиллагааны төрөл түүнчлэн ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулахаар зарчмын зөрүүтэй саналуудыг бэлтгэсэн байна. Мөн иргэний агаарын хөлгийн багийн талаарх зохицуулалтыг төсөлд нэмэх, хэт хөнгөн агаарын хөлөг, агаарын бөмбөлөг зэрэг зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах, нислэгийн нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг гэрчилгээжсэн төрийн өмчийн хуулийн этгээд гүйцэтгэх, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын зохицуулалттай төслийн зарим зүйл заалтыг нийцүүлэхээр саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.
Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн даргын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулсан юм. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтын “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор” гэснийг хасахыг, 8 дугаар зүйлийн 8.1.12 дахь заалтын “навигацийн” гэсний дараа “болон иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээ олгох” гэж нэмэхийг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээнд” гэснийг “Конвенцын хавсралтад” гэж, 12.1.1 дэх заалтын “тайлбар” гэснийг “тайлбарыг батлах” гэж, 12.1.6 дахь заалтын “дүрэм” гэснийг “шаардлага тогтоох” гэж, 12.1.7 дахь заалтын “тогтолцооны нийтлэг зохицуулалт” гэснийг “тогтолцоог хэрэгжүүлэх” гэж, 12.1.17 дахь заалтын “хөлөг болон нисэх клубийн гэрчилгээжүүлэлт” гэснийг “хөлгөөр сонирхогчийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх” гэж тус тус өөрчилж, 12.1.8 дахь заалтын “хүнгүй агаарын хөлөг, аргамжаат шүхэр болон” гэснийг, 12.1.11 дэх заалтын “том, дунд, жижиг оврын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа болон” гэснийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн төслийн 12 дугаар зүйлийн 12.1.19 дэх заалт, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6 дахь хэсгийг хасах саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн Иргэний агаарын хөлгийн баг гэсэн агуулга, зохицуулалт бүхий 19 дүгээр зүйлийг төсөл нэмэхийг, төслийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг болон 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгэг, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг тус тус хасахыг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “төрийн өмчит” гэснийг хасаж, мөн зүйлд “33.3.Олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэнэ.” гэсэн агуулгатай 33.3 дахь хэсэг нэмэх нь зүйтэй хэмээн Байнгын хороо шийдвэрлэлээ. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Дараа нь ерөнхий хяналтын сонсгол явуулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийн талаар хуралдаанд танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, корона вирус халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаад орнуудаас авсан зээл, тусламж, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого зарлагыг нийтэд ил болгох Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн саналыг танилцууллаа. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ерөнхий хяналтын сонсгол явуулах саналтай байгаагаа танилцууллаа.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Төсөлд дээрх сэдвээрх ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар, сонсголыг зохион байгуулах бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулахаар тусгажээ. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг нар ажиллана
-
2024-11-20