БСШУСБХ: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-29

Өнөөдрийн УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, дэмжигдсэн боловч уг саналаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүнийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдэж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Байнгын хорооны хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 27 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Боловсролын ерөнхий хуулийн 45.3-т заасан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээнд сургалтын төлбөр төлөх, хураамж авах харилцаанд багш, суралцагчийг оролцуулахыг хориглоно, мөн хуулийн 22.8-д Эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хүсэлтээр бага боловсролыг гэрийн сургалтаар эзэмшүүлж болох бөгөөд гэрийн сургалт зохион байгуулах, түүнд хяналт тавих журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэх зэрэг саналын томьёоллууд дэмжигдсэн байна. Тус байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ийнхүү хийж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Түүний дараа мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 57 саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Мөн тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Түүнчлэн  Дээд боловсролын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 34 саналын томьёоллоор санал хурааж, тэдгээр саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.