Г.Ганболд: Эрдэнэс Тавантолгой” ХК 2018-2022 оны хооронд 9,8 ИХ НАЯДЫН худалдан авалт хийсэн байна !!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-29

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.06.27) хуралдаж, ажлын явцын тайланг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд түр хорооноос хийсэн хяналт шалгалтын ажлын тайланг танилцуулав. 

 “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 оны хооронд дотоод худалдан авалтын 9,8 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 665 тендер зарлан хэрэгжүүлжээ

Нүүрсний мэдээллийг АНУ-ын нийгэм, эдийн засаг, хөгжлийн асуудал, уул уурхайн салбарын бүхий л чиглэлийн тоон өгөгдлийг нэгтгэдэг ISI Emerging Markets Group-ийн CEIC системээс БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрсний тоо хэмжээ. БНХАУ-ын sxcoal нүүрсний албан ёсны тоон мэдээлэл, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын тоон мэдээллүүдийг ашигласан байна. Монгол Улсаас БНХАУ-руу экспортод гаргаж буй нүүрсний болон БНХАУ-ын Монгол Улсаас импортолж буй чулуун нүүрсний тоо хэмжээг 2008-2022 онд дараах байдлаар гаргажээ. 2008-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 6.9 сая тонны зөрүүтэй байжээ. Үүнээс түр хорооны хяналт шалгалтын хамрах хүрээнд 2018-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 3.2 сая тонны зөрүүтэй байж, уг мэдээллийг баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос Гаалийн ерөнхий газарт “Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа нүүрс ачих буулгах талбайд бууж 2018-2022 оны хооронд экспортлогдсон нүүрсийг шалгах” хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг томилон шалгалтын ажиллагааг зохион байгуулж “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ний нүүрс худалдах, худалдан авах 381 гэрээгээр 121.6 сая тонн нүүрс борлуулах гэрээ бүрээр гаалийн талбайд тулгалт хийж, шинжилсэн байна. 

Мөн нүүрсний ангилал шинжлэх лабораторийн дүнгийн зөрүү байгаа нь сайн чанарын нүүрсийг үнэгүйдүүлэх эрсдэл өндөр, 2008 оноос хойш 7.0 сая тонн нүүрсийг чанаргүй буюу эрчим хүчний нүүрс нэрийн дор 9-18 доллараар борлуулсан нь Монгол Улсад асар их хохирол учруулсан байх магадлалтай байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор улсын нууцлалаас гаргасан 9 гэрээ, түүнтэй холбоотой материалыг судалж, танилцан дүгнэлт гарган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудаас үүнээс өөр улсын нууцлалд үлдээсэн гэрээ байхгүй тухай мэдэгдлийг иш үндэс болгож, гэрээнүүдэд шинжилгээ хийж, хэрэгжилтийг тооцон гаргажээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор нууцаас гаргаж Улсын Их Хурлын түр хороонд шилжүүлсэн 9 гэрээнээс “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, “Богдхан төмөр зам” төсөлтэй холбоотой 3, усны болон далд уурхайн төслийн тус бүр нэг гэрээ байна. Шалгалтын явцад БНХАУ-ын “Чалко”, “Норинко” компанитай холбоотой хоёр гэрээг ил болгож нийтэд дэлгэх боломжгүй байгаа бөгөөд энэ нь гэрээг хийхдээ аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээг ил болговол их хэмжээний торгууль төлөх заалтыг тусгасан нь хүндрэл учруулж байгаа аж. “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”-ын төслийн хувьд уг төмөр зам нь Монгол Улсын стандартаар 3 дугаар зэрэглэлийн зам бөгөөд гол замын урт 416.1 км, дэлгэмэл урт нь 486.6 км. Төслийн нийт өртөг 1,392.2 тэрбум төгрөг буюу 488.5 сая ам.долларыг Эрдэнэс таван толгой ХК-иас мөнгөн хөрөнгөөр санхүүжүүлсэн нь компанийн санхүүгийн байдал болон 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломжид сөргөөр нөлөөлсөн байна хэмээн дүгнэжээ.

Хяналт, шалгалтын ажлын хүрээнд хамрах 2019 оны 4 дүгээр улирлаас 2023 оны эхний дөрвөн сарын хугацаанд нийт 41.8 сая тонн хэмжээтэй, 3.2 тэрбум ам.долларын нүүрсний борлуулалт хийсэн байна. 2020-2023 оны эхний улирлын байдлаар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн нүүрсний борлуулалтын дийлэнхийг 50-100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэй 4 худалдан авагчийн болон "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам"-ын төслийн санхүүжилтэд зориулж "Бодь Интернэшнл" ХХК-д нийлүүлсэн нүүрс эзэлж байна. Нүүрсний үнийн өсөлт, өндөр урьдчилгаатай гэрээнүүдийн үр дүнд компанийн борлуулалт 2019 болон 2022 онд нэг тэрбум доллараас давжээ. 2021 онд тус компани "А6-20" дунд хугацааны 2021-2025 оны бизнес төлөвлөгөө боловсруулж, нийт 8.3 тэрбум долларын санхүүжилттэй 17 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хяналт, шалгалтын ажил үргэлжилж буй энэ хугацааны байдлаар нийт 5.3 тэрбум долларын санхүүжилттэй 13 төсөл хэрэгжилтийн ямар нэг шатанд байгаа талаар тус компаниас мэдээлэл ирүүлээд байгаа аж. Төслүүдийн санхүүжилтэд төлөвлөсөн 5.3 тэрбум долларын санхүүжилтээс 1.4 тэрбум долларын санхүүжилт хийгдсэн байна. 

 

 “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 оны хооронд дотоод худалдан авалтын 9,8 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 665 тендер зарлан хэрэгжүүлжээ

Төмөр замын өртгийн хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам, холбогдох яамнаас ирүүлж байгаа мэдээллээр төмөр замын дохиолол холбоо, өртөө, зөрлөгтэйгээ нийлээд 1 км төмөр зам 3 сая гаран ам доллараар баригдсан гэж үзэж байгаа. Зүтгүүртэй холбоотой асуудалд шинжээчид онцгой анхаарал хандуулж ажилласан. Техник, эдийн засгийн үндэслэлд 18 зүтгүүр оруулж ирэхээр тусгаснаас 16 зүтгүүр нийлүүлэгдсэн, Монголын төмөр зам энэ оны 9 - 10 дугаар сарын үед дутуу зүтгүүрийг нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүн дээр нэг ноцтой зүйл бол Америкийн компаниас нийлүүлж байгаа энэ зүтгүүр нь нарийн царигийн зүтгүүрийг  өргөн царигт шилжүүлсэн анхны загвар бөгөөд энэ нь олон улсад ашиглагдаагүй загвар гэдгийг дүгнэлтэд дурдсан.

Эрдэнэс тавантолгой ХК 2018 оноос хойш зөвхөн дотоодын худалдан авалт хийх 665 тендер зарлаж, 9,8 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн. Энэ худалдан авалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагджээ. Нүүрсний гэрээнүүдтэй холбоотойгоор шинжээчдийн дүгнэлтээр ноцтой гэж байгаа зарим худалдан авалтуудыг тайланд тусгасан бөгөөд өнгөрсөн хугацаанд нүүрс худалдах 3 мянга гаран гэрээ байгуулсан байна хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.