Монгол төрийн сүүлийн 30 жилийн алдаа завхрал, муу муухай бүхэн зөвхөн эрчүүдээс үүдэлтэй гэж УИХ дахь эмэгтэй гишүүд дуу нэгтэйгээр ярив. Угаасаа улстөрд байгаа 76 гишүүний 63 нь эрчүүд учир ингэж дүгнэх нь ч зөв биз.
Эмэгтэй гишүүд одоо байгаа квотоо 40 хувьд хүргэхийн тулд ингэж улайрч дайрсан нь эрчүүдэд муухай сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Уг нь парламент эмэгтэйчүүддээ давуу боломж олгож, УИХ-д суух гишүүдийн тоог бага багаар нэмэгдүүлсээр байгаа. Гэвч тусыг олж чадахгүй л байна. Ямартай ч бөөн маргаан дунд хэлэлцсэн СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД улстөр дэх эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар хуульчилж намын жагсаалтад оруулж нэг эрэгтэй, нэг эмэгтэй байхаар сөөлжилж оруулсан зэрэг үр дүнтэй, ахицтай шийдлүүд олон байв. Түүнчлэн 2028 оны улстөрийн сонгуулиар эмэгтэйчүүд 40 хувьд нэр дэвших эрх үүснэ.
С.Одонтуяа тэргүүтэй эмэгтэй гишүүд нийгэмд эмэгтэйчүүд л ядуу амьдарч, бүх зүйлээс хоцорч байна гэж хэлсэн бол ЭРЧҮҮДИЙГ ӨМӨӨРЧ дуугарсан ганц гишүүн нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Дуламдоржийн Тогтохсүрэн гишүүн юм.
Тэрбээр МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүн Д.Өнөрболорыг үг хэлсэний дараа “Сүүлийн 30 жил дандаа эрэгтэйчүүдээс болоод хямарчихсан гэх утгатай зүйл яриад байна. Эрчүүд ямар хамаатай юм бэ, бүх зүйлд ЭРЧҮҮД БУРУУГҮЙ” хэмээн эрчүүдээ, ангийнхаа хөвгүүдийг өмөөрч жинтэйхэн хэдэн үг хэлчихэв.
2017 оноос хойш 62, 65-ийн бүлгийн удирдаж байгаа түүний хувьд парламентад суухдаа аргагүй л буйр зааж, намба суусан түшээ юм. Сайн муугаар нэр хоч их зүүдэг нь улстөрч хүний л замнал. УИХ-ын гишүүд тойрогтоо очиж Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр тэрбээр Өвөрхангай аймагт ажиллах явцдаа нутгийнхаа буурлуудад ХУВЬ ХИШИГ ХҮРТЭЭЖ бэлэн мөнгө тараасан нэгэн юм.
Энэ мэтээр сайн муу, сайхан муухай бүхэнд нэр холбогдон явсаар тэрбээр бүрэн эрхийнхээ дөрвөн жилийг үдэж байна.
-
2024-11-20