Монгол, Хятадын “ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ” байгуулах хамтарсан судалгааны баг бүрдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-02
Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын мөрөөр Монгол улсын төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 4-9 ний өдрүүдэд Бүгд найрамдах Хятад ард улсад албан томилолтоор ажиллаж, Хятад улсын цөлжилтийн төлөв байдалтай танилцаж тус улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газрын төлөөлөлтэй уулзсан билээ. Дээрх албан томилолтын хүрээнд хоёр тал хэлэлцэж БНХАУ-ын төлөөлөгчдийг Хамтарсан цөлжилтийн эсрэг судалгааны төв байгуулахаар Монгол улсад ажиллахыг урьсан. Урилгын дагуу 14 хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын баг зургаадугаар сарын 26-аас долоодугаар сарын 10-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байна.
 
“Цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв” байгуулах талаар суурь судалгааны ажил явагдаж эхэллээ. ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Ой, бэлчээрийн газар хооронд байгуулсан “Гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх” тухай хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс “Монгол Хятадын Цөлжилтийг Сааруулах Хамтын Ажиллагааны Төв”-ийг байгуулах бэлтгэл ажлыг хангах, хамтарсан судалгааны баг Монгол улсад айлчилж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын засгийн газрыг төлөөлж холбогдох яамд, ЗГХА Ойн газар, Эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт өчигдөр зохион байгуулагдлаа. Хамтарсан судалгааны багийн ажиллах хөтөлбөр, чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХА Ойн газар, ШУА-ийн дэргэдэх Газарзүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын судалгааны багтай хамтран хэлэлцэж боловсрууллаа. Тус судалгааны багийн гол зорилго нь Монгол-Хятадын хамтын ажиллагааны төвийн байршил, цөлжилтийн судалгааны мониторинг цэг байгуулах газруудыг сонгох юм. Хамтарсан судалгааны баг өнөөдрөөс эхлэн орон нутгуудад ажиллахаар замдаа гарлаа.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.