Гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлсээр байна.
Швейцарын Холбооны Ерөнхийлөгч А.Берсе
“Эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг Монголын ард түмэнд хүсэн ерөөе. Ирэх жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна”.
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эл-Сиси
“Египетийн төр, засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Нэгэн жарныг дамнан хөгжиж ирсэн Монгол, Египет хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна”.
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн ЫН
“Түүхэн харилцаатай Солонгос, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжиж, улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөөх ажил үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе”.
Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббун
“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, энх тайван, хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монгол, Алжирын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, хоёр орны ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг бэхжүүлэн ахиулахын төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна”.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яаокоб
“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, сайн сайхан, энх тайван, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе”.
Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммед бин Салман Аль-Сауд
“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан, найрсаг монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе”.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглүн Сисүлид
“Лаос, Монголын нэгэн жарны туршид хөгжиж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр ард түмний эрх ашигт нийцүүлэн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хамтран ажиллахын төлөө байна”.
Хорват Улсын Ерөнхийлөгч Зоран Миланович
“Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж, Хорват, Монгол хоёр орны харилцаа цаашид улам бэхжиж, эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна”.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко
“Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухааны салбаруудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна”.
-
2024-11-20