2023 оны долоодугаар сарын 05 буюу үндэсний их баяр наадам болохоос зургаа хоногийн өмнө “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газар хийж, баталсан.
Тодруулбал, дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтууд орж,
Барьцгүй барилдаан – 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.)
Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан – 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)
Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ гэх өөрчлөлт орж, улмаар Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана гэж заасан.
Шинэ дүрэм бөхийн барилдааны наймын даваанд даян аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж нарын барилдаан дээр хэрэгжиж, хөлийн цэц арсланг идэвхгүй байсан, барилдааны явцад хоёр удаа сануулга авсан хэмээн унасанд тооцсон. Гэвч наадамчин олны зүгээс эсэргүүцэл үзүүлж, Ц.Содномдорж цаг нь тулгаж хийсэн өөрчлөлт болохоор мэдээлэл муутай байлаа гэж хэлсэн.
Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан. Энэ дүрмийн өөрчлөлт бол хайнга хандах биш анхаарах ёстой зүйл. Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана.“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм” бол холбооны дүрэм биш. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ирэх намраас өмнө дүрмийн өөрчлөлтийг шийдвэрлэхээр ажиллана" гэв.
-
2024-11-20