"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тодрууллаа.
- "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч, хэрэг ямар шатанд шалгагдаж байна вэ?
- Дээрх хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа явуулж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад, цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий дөрвөн хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Тодруулбал
- "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатыг "хүнийг алахыг завдсан", "хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан" гэх хэрэгт,
- тухайн газарт байсан нутгийн иргэд болох М, Б нарыг "Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн" гэх гэмт хэрэгт,
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Г-г "Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн", "бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татсан.
Одоо аймгийн Цагдаагийн газраас хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг нь "Намайг "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан гэж яллагдагчаар татсан" талаар өөрийн цахим хуудсанд мэдээлэл оруулсан байсан. Б.Ганзоригийг бичлэг хийж худал мэдээлэл тараасан гэж буруутгаад байгаа юу?
- Энэ нь ташаа мэдээлэл байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн засаг дарга Б.Ганзоригийг дээрх хэргийг шалгах явцад хохирогчоор тогтоогдсон нэр бүхий хүнийг хүнийг ятгаж, худал мэдүүлэг өгүүлсэн, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнийг олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй болно.
-
2024-11-20