АНЭУ-ын Шадар сайд бөгөөд Ерөнхийлөгчийн ордны асуудал эрхэлсэн сайд Эрхэм дээд Шейх Мансур бин Заид Аль-Нахъян-тай уулзав
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-03-05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад 2023 оны 3 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Шадар сайд бөгөөд Ерөнхийлөгчийн ордны асуудал эрхэлсэн сайд Эрхэм дээд Шейх Мансур бин Заид Аль-Нахъян-тай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Талууд хоёр орны улс төрийн сайн харилцаанд тулгуурлан худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, шинэ техник технологи, аялал жуулчлалын чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар ярилцав.

Эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг судалгаан дээр тулгуурлан хөгжүүлэх талаар ярилцаж, АНЭУ-ын Засгийн газрын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсад ойрын үед айлчилж, манай улсын хөрөнгө оруулалтын орчинтой танилцан харилцан ашигтай хамтран хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн талаар судалгаа хийхээр тохиролцлоо.

Мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад дээд, өндөр хэмжээний айлчлал чухал ач холбогдолтой болохыг дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Эрхэм дээд Шейх Мансур бин Заид Аль-Нахъян-ыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.72.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.