Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ.
Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилгаар 2021 онд АНУ-ын Нью-Йорк хотноо анх удаа зохион байгуулж байсан юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг урьсан бөгөөд Ерөнхийлөгчийг төлөөлөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр холбогдох хуралдаануудад оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох буюу дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын байгууллагууд болон гадны улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтад 170 орчим орны 2,000 орчим дээд, өндөр түвшний төлөөлөгч, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна.
Дээд хэмжээний уулзалтаар оролцогч улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хоёр дугаар зорилт болох “Өлсгөлөнг зогсоох” зорилтын хүрээнд хүлээсэн үүрэг амлалтууддаа гаргасан ахиц дэвшлийг дүгнэж, хүнсний тогтолцоогоо боловсронгуй болгохын тулд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиглэлүүдийг тодорхойлох юм.
-
2024-11-20