Мэндчилгээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-12
Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч эрхэм генерал, офицер, ахлагч, нийт алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үеийн үед өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төр, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах хүндхэн бөгөөд хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн билээ.

Үндэсний их баяр наадмын босгон дээр ч үер усны аюулаас ард иргэдээ авран хамгаалах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, эх орон, эгэл түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалж чадлаа. Үүрэг гүйцэтгэн ажилласан, ажиллаж байгаа нийт алба хаагчид, бие бүрэлдэхүүнд гүнээ талархал илэрхийлье.

Туурга тусгаар улсынхаа туг сүлдийг өндөрт өргөн, галын шугамын тэргүүн эгнээнд гамшиг, осолтой нүүр тулан тэмцэж байдаг аврагч, гал сөнөөгч, алба хаагчид та бүхний сэтгэл, зүтгэлээр бахархаад баршгүй билээ. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Онцгой байдлын байгууллагын он цагийн түүхийг хамтдаа бүтээж яваа ахмад буурлууд, алба хаагчид, монгол түмэн минь нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд хүдэр чийрэг бөхчүүдийнхээ бяр мэхээр омогшиж, эрхий мэргэн харваачдынхаа цэц мэргэнээр бахархаж, эрдэнэт хурдан хүлгүүдийнхээ туурайн төвөргөөнд хийморио сэргээж, хотол түмнээрээ сайхан наадаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.172.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.