-Хүн бүр тэшүүрээр гулгах сонирхолтой ч хичээллэдэг хүн ховор юм шиг санагддаг. Таны хувьд энэ спортод “дурлах” болсон шалтгаан юу байв?
Тархины даралттай, хүчилтөрөгч сайн авах шаардлагатай хүүхэд байсан л даа. Өвлийн спортоор хичээллэх нь үр дүнтэй гэж сонсоод талбайн теннисээр хичээллэж байгаад 2007 оноос тэшүүрийн спортыг сонирхох болсон. Хичээллэж эхэлсэн жилдээ буюу 2007 онд Эрдэнэт хотноо болсон өвлийн улирлын нээлтийн тэмцээнд 9-10 насны охидын ангилалд оролцож, түрүүлж байлаа. Энэ үеэс л багш маань надад маш их итгэл хүлээлгэж, энэ жилийн улсын аваргад чи л түрүүлэх юм байна гэж хэлсэн. Харамсалтай нь бие маань өвдөөд тэмцээндээ оролцож чадаагүй. Дараа жил нь буюу 2008 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүлсэн. Түүнээс хойш 2013 он хүртэл тасралтгүй улсын тэмцээнд оролцож, 17 алт, 15 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, улсын рекорд амжилтыг 21 удаа эвдсэн. Монголын бүх ард түмний наадмаас 2 алт, 2 мөнгө, 2012 онд Австри улсын Инсбрук хотноо зохиогдсон залуучуудын өвлийн анхны олимпын наадамд тэшүүрийн төрөлд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон.
–Таны гаргах амжилтыг багш тань олоод харчихсан байж дээ?
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Л.Цэнд багш маань миний анхны дасгалжуулагч. Багш маань 1964 онд Австрийн Инсбрук хотноо болсон өвлийн олимпод Монгол улсаас хамгийн анх оролцсон хүн. Тэшүүрийн спортын бүхий л элементийг энэ хүнээс суралцсан. Үндэсний шигшээ багийн тамирчин болсноор ОУХМ н.Энхбаяр багшийн удирдлагад хичээллэх болсон. 2014-2016 онд ОУХМ н.Долгорсүрэн багшийн удирдлагад бэлтгэлээ хийдэг байлаа. 2016 оноос хойш тэмцээнүүд дээр нарийн бичиг, шүүгчээр ажиллаж байна. Өсвөрийн улсын аваргад ойролцоогоор 250 гаруй хүүхэд оролцдог. Насанд хүрэгчид харьцангуй цөөхөн.
-Тамирчин хүний хамгийн хэцүү нь алдаа гаргах, хамгийн сайхан нь амжилт гаргах. Энэ огтлолцлолыг хэр хүлээж авдаг вэ?
Юун дээр алдсанаа маш сайн тунгааж боддог. Анализ хийдэг. Цаашид алдаа гаргахгүй байх талаар бодож нягталдаг. Шантрах үе ч байна. Тэмцээн, уралдаанд оролцоод гаргасан амжилт, хувийн амжилтаа эвдэх, өөрийгөө сайжирч байгааг мэдрэх тэр мөчүүд хамгийн сайхан. Өөрийгөө зоригжуулах, хурцлах ташуур болдог юм байна. Тэшүүр бол аюул багатай спорт. Шорттрик болон гүйлтийн гэж хоёр төрөлтэй. Миний хичээллэсэн төрөл бол гүйлтийн тэшүүр. Энэ нь 400 м-ийн талбайд нэг уралдаанд хоёулхнаа уралддаг учраас аваар осол багатай. Хурд, хүч, хол, ойрын зай гээд хөнгөн атлетик шиг зайтай. Аль зайнаасаа хамаараад тэсвэр, хурд, аль зайд гүйдгээсээ шалтгаалаад тухайн хүн өөрөө ямар бэлтгэл хийхээ сонгодог. Монголд мөсөн гулгуурын талбай байдаггүй учраас хүйтэнд, өвлийн улиралд бэлтгэл хийнэ. Хацар болон чихээ хөлдөөх асуудал бол энүүхэнд ш дээ.
-Тэшүүрийн спортоосоо түр засварласан гэж сонссон…?
Спортоор хичээллээх больсон ч энэ спортдоо хайртай учраас илүү олон хүн хичээллэдэг, мэддэг байгаасай гэж хүсдэг. Тийм учраас чөлөөт цагаараа бага насны хүүхдүүд сургалт орохоор төлөвлөж байна. Тэшүүрийн спортоо сурталчилж, илүү олон хүнд таниулмаар байна.
–Онцгойчуудын эгнээнд элсэж, үүрэг гүйцэтгэх хэр байна?
Үүрэг гүйцэтгээд жил гаруй болж байна. Гадаад харилцааны мэргэжилтэн авна гэж сонсоод сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлж өгсөн. Би ч тэнцээүй байхдаа гэж бодож байтал ажилдаа ирээд ороорой гэдэг үгийг сонсоод өөртөө итгээгүй. /инээв/ Бусдын төлөө сайхан ажил хийж байгаадаа маш их баяртай байгаа. Дүрэмт хувцсаа өмсөөд алхахад мэдрэмж маш өөр байдаг юм билээ. Онцгой байдлын албанд алба хаадаг хүн шүү дээ гэж бодохоор л хүмүүсийн хандлага хүртэл эерэг, гэгээлэг гоё байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг.
-Таны хамгийн сайхан гоёл вэ?
Инээмсэглэл гэж хэлмээр байна. Дандаа инээж явдаг. Аль болох хамт олонтойгоо хөгжилтэй байхыг хичээдэг. Энэ дашрамд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн удирдлага, хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.
-
2024-11-20