Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-07

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг тэргүүтэй Монгол Улсад их, дээд сургууль төгссөн лаос төгсөгчдийг хүлээн авч уулзлаа.

БНАЛАУ-аас Монгол Улсад 1976 оноос эхлэн нийт 130 гаруй оюутан суралцаж төгссөн бол өнөөдрийн байдлаар 59 оюутан Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Тухайлбал, Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг нь 1977-1983 онд Монгол Улсын Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаж төгссөн юм. Тэрбээр 2016 оноос БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн чухал яриа хэлэлцээ хийгдсэнийг хэлж, хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд Монгол Улсад төгссөн, монгол хэлтэй лаос төгсөгчдийн хувь нэмэр өндөр байх болно гэдгийг цохон тэмдэглэлээ.

Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Бунхкуанг Камбунхөанг Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАЛАУ-д хийж буй төрийн айлчлалынхаа үеэр лаос төгсөгчдийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ.

Тус айлчлал нь уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа хэлэв.

Уулзалтын үеэр лаос төгсөгчид Монгол Улсад өнгөрүүлсэн он жилүүдээ дурсаж, төгссөнөөс хойш олон жилийн дараа Монгол Улсад зочлохдоо ажигласан өөрчлөлт, шинэчлэлтийн талаар хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.31.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.