Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Голомт банк тус байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулах, амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх юм. 2024 оны 6-р сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөөд буй хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулснаар бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ур чадварыг нь нээн илрүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороололд дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөх, жилийн дөрвөн улиралд тоглонгоо сурч хөгжих боломжийг олгоно. Тус төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөж байна. Дашрамд дурдахад хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид ч мөн адил хүүхдүүдээ тоглуулангаа өөрсдөө сургалтад хамрагдаж, сурч хөгжих боломжийг бүрдүүлж өгч буйгаараа энэ төсөл онцлогтой.
Арга хэмжээний үеэр OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс “Голомт банктай эхлүүлж буй энэ хамтын ажиллагаа гайхамшигтай эерэг байгаад баяртай байна. Манай байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явахад анхаарч олон талын дэмжлэг үзүүлж байгаа явдалд гүн талархал илэрхийлье. Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд бид цаашид Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдардаг гэр бүлүүдэд болон тэдний хүүхдүүдэд зориулсан сургалт хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж тууштай ажиллах болно.” хэмээсэн юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэгч Голомт банкны хувьд хүүхэд залуусын эрүүл мэнд, боловсролд хувь нэмэр оруулах сайн үйлсийн ажлуудаа илүү өргөжүүлэн тэлж олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүлээд байна. Голомт банкны зүгээс хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхнийг бяцхан хүүхдүүдэд аз жаргал, баяр хөөр бэлэглэх гэгээн үйлсэд нэгдэхийг мөн уриалж байна.
-
2024-11-20
-
2024-11-20