Намайг Батнасангийн Мөнгөнзаяа гэдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт Дундговь аймагт ажиллаж амьдардаг. Онцгой байдлын албанд 20 дахь жилдээ жолоочоор ажиллаж байна.
Онцгой байдлын албанд жолооч хүний үүрэг хариуцлага их. Хамгийн чухал үүрэг бол хаана ч хэнтэй явсан хүний итгэлийг даадаг байх. Ослын голомтод аврагч нарыг түргэн шуурхай, осол эндэгдэлгүй хүргэх, гал түймрийн дуудлагаар ажиллах үед усны даралтыг тохируулж, усаар дутаахгүй байх гээд асар том хариуцлага, эрхэм хүндтэй үүрэг хүлээдэг. Голомтод ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчдын хувьд ч ард нь байгаа жолооч, арын албанд ажиллаж байгаа нөхөртөө итгэл дүүрэн байж аврах ажиллагаа амжилттай болдог гэж боддог.
Хүний амьдрал баялаг болохоор олон төрлийн хоббитой. Чөлөөт цагаараа авто спортоор хичээллэх, оёх, мод төмрөөр юм хийх, фото зураг авах, зураг зурах дуртай. Эхнэр маань аймгийн төвд “Ембүү” зоогийн газрыг ажиллуулдаг. Амт чанартай хоолоор хүмүүст үйлчилнэ гэдэг, бусдад үргэлж тусалдаг, сайн мөр дагуулж байдаг онцгой албатай минь ижил хүмүүнлэг ажил юм болов уу гэж бодож эхнэрээрээ бахархдаг.
Миний хувьд Нарантуул зах, Бөмбөгөр худалдааны төвийн гал түймэр, Налайхын замд гарсан 45 хүний автобусны осол, Дундговьд 2021 оны гуравдугаар сарын 4-нд болсон шороон шуурга зэрэг томоохон дуудлагуудад үүрэг гүйцэтгэж байсан. Эргээд бодоход эрхэлсэн ажилдаа мэргэшиж, хамтран ажилладаг хүмүүсийн маань итгэл надад ажлаа урам зоригтой хийх хөшүүрэг болдог учраас жолоочийн ажлаасаа уйдах завгүй 20 жилийг өнгөрүүлсэн байна.
-
2024-11-20
-
2024-11-20