Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт суманд энэ сарын 4-5-ны өдрүүдэд үргэлжлэн орсны цасны улмаас цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдож, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын даргын шийдвэрээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх нараар ахлуулсан ажлын хэсэг удирдлага, зохион байгуулалтаар ханган, газар дээр нь ажиллаж байна.
Мөн дээр сумдад Улсын онцгой комиссоос шаардлагатай байгаа түлшний дэмжлэг үзүүлсэн.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүрэн суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Сумын хэмжээнд 4-5-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, 16-22 м/сек хурдтай хүчтэй цасан шуурга шуурч, агаарын температур -17.7 хэм хүрч хүйтэрсэн бөгөөд талдаа 25см, гуу жалгандаа 60-7 0см зузаан цастай болсон байна.
Аюулт үзэгдлийн улмаас 93 айл өрх намаржаанаас өвөлжөө рүү нүүх, намаржаанд үлдээсэн гэр, машин техник, малын хашаагаа авах зэргээр нийт 616 км цасанд боогдсон замыг нээх шаардлага тулгарсан.
Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комиссын гишүүд хамтран ажиллаж, 526 км замыг нээж, 78 айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Энэ үеэр хурандаа Т.Баярхүү “Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүртээмжтэй, шуурхай хүргэн ажиллах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20
-
2024-11-20