Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж гаргахаар боллоо
Үйл явдал
/
2023-11-10

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн үнэлгээний тайланд 2030 он гэхэд дэлхийн дахинаа учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ, үүний дотроос уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж даруй гурав дахин ихэснэ гэсэн судалгаа гарчээ.

Өөрөөр хэлбэл, цаг үе болоод нөхцөл байдал гамшиг ослын ямар ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдлыг шаардахын зэрэгцээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв менежмент, зөв төлөвлөлт, зөв тогтолцоо, сайн засаглал, сахилга хариуцлагыг мөн давхар шаардаж сануулсаар байна.

Тиймээс өнөөдрийн болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийн хуралдаанаар холбогдох байгуулагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж гаргахаар боллоо.

Дашрамд дурдахад, Гамшгаас хамгаалах эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээний эрх зүй орчин бүрэн шинэчлэгдэж, 2016 оны байдлаар 8 хувьд хийсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ 2019 онд 71 хувь, 2020 онд 100 хувь хийж гүйцэтгэлээ.

Мөн 2020-2023 онд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд үндэсний хэмжээний гамшгийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын зураглалыг гаргасан.

Түүнчлэн төрийн үйл ажиллагааг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх бодлогын дагуу гамшгийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн түвшинд нарийвчлан тодорхойлох, болзошгүй хохирлын хэмжээг тооцох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг төлөвлөх зорилгоор гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.