Жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний хэлэлцүүлэгт “Жендэрийн тэгш байдлыг хангах асуудал” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгөв. Хуульд зааснаар жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хариуцдаг. Эмэгтэй гишүүд албан ёсоор бүлэг байгуулах эрх зүйн зохицуулалтгүй боловч сайн дурын үндсэн дээр нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэж, албан бус бүлэг байгуулах хэлбэрээр ажиллаж байна. Тухайлбал, 2020-2024 оны парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүн бүлэг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээр ахалдаг. УИХ-ын түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах асуудал бодлогын түвшинд баталгаажиж, үе шаттай хэрэгжиж байгаа гэв. Тэрбээр, УИХ-аас өөрийн үйл ажиллагаа болон баталж буй хууль тогтоомжийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд тусгайлан анхаарч, хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүйн механизм, бүтцийг бий болгох чиглэлээр ахиц дэвшил гаргасан хэмээн дүгнээд үндэсний хууль тогтоомжид хүний эрхийн зарчмуудыг тусгаж, жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаа явуулж байгаа талаар онцоллоо.
Түүнчлэн УИХ-д жендэрийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх мэдээллийн дэд бүтэц, судалгаа шинжилгээний арга зүй, удирдамж, гарын авлага хангалтгүй, энэ чиглэлээр ажилтнуудын ойлголт чадавх сул, дадал болж чадаагүй тухай дурдаад Монгол Улсын хэмжээнд хүйсээр ангилсан бүртгэл, статистик мэдээлэл гаргах ажил хэрэгжилтийн шатанд явна. Жендэрийн тэгш байдлыг хангах үүрэгтэй байгууллагууд болон УИХ-ын хамтын ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй гэж хөндлөнгийн судалгааны байгууллагууд дүгнэснийг танилцууллаа.
Түүний дараа парламент дахь жендэрийн соёл, орчин, бодлогын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хараат бус, хөндлөнгийн шинжээчид, байгууллагаар жендэрийн үүднээс үнэлүүлэх, шаардлагатай өөрчлөлтийг тусгахад анхаарч ажиллах, УИХ-ын дотоод дүрэм, журмуудыг хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байдлаар боловсронгуй болгох, Төрийн ордонд эмэгтэй гишүүд, УИХТГ-ын ажилтнуудад зориулсан хүүхэд асрах тусгай өрөө гаргах асуудлыг судалж шийдвэрлэх, парламентад бэлтгэж буй олон нийтэд чиглэсэн хэвлэлийн мэдээ, мэдээллийг жендэрийн үүднээс хянах аргачлал, тогтолцоог нэвтрүүлэхэд анхаарах шаардлагатай гэж дүгнэжээ.
Жендэрийн үнэлгээний хүрээнд тавьсан асуулгын хариуд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, ПССХ-ийн захирал Ц.Цогзолмаа, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва нар УИХ-ын Тамгын газар дахь жендэрийн соёл, орчны хүртээмж, баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, парламентын жендэрийн мэдрэмжтэй дэд бүтцийг бүрдүүлэхэд Төрийн ордноос эхэлнэ. Энэхүү ордонд УИХ-аас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс зөвхөн парламентад хамаатуулах боломжгүй юм. Гэхдээ хүний эрхийн үүднээс зохицуулалт хийх бүрэн боломжтой гээд Тамгын газар нь ажлын байрны соёл, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд ажиллаж байгаа гэв.
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд нь Төрийн албаны тухай хуулийг баримтлан ажилладаг ч найман цагаар бус яаралтай горимоор ажиллаж, шаардлагатай тохиолдолд дайчлагдах хүртэл үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү нөхцөл байдал хийгээд хүний эрхийн мэдрэмжийг хангахад ажилтнуудын хүсэлтийн дагуу чөлөө олгох, ажлын цагийн хуваарийг уян хатан зохицуулах хүсэлтийг Тамгын газрын ажилтнаас илэрхийлсэн юм. Мөн Төрийн ордны өрөө, тасалгаа хүртээмжгүй бол цахимаар алсын зайнаас ажиллах боломжоор хангах тухай санал ч гаргаж байв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, жендэрийн мэдрэмжгүй төлөвлөлт ноцтой асуудал дагуулдаг тул манай парламент үүнийг анхаарах ёстой хэмээв. Хэлэлцүүлэг УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын чөлөө олгох, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зэрэгт дэвшил гаргаж, манлайлах хэрэгтэй гэсэн санал, зөвлөмжийг гаргаж, салбар хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
2024-11-20
-
2024-11-20