Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэнд хүргээд "Монгол Улс туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 99 жил болж байна. Та бүхэн өнөөдрөөс хуулийн дагуу эрхээ эдэлж, үүргээ ухамсарладаг насанд хүрсэн иргэн болж байна” гэлээ.
Ерөнхий сайд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан. “Монгол Улсын залуу иргэд ээ, эцэг өвгөдийнхөө бутарсан яс, урссан цусаар ирсэн тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ хэзээ ч битгий мартаарай. Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээхийн төлөөх эцэг өвгөдийнхөө захиас, эх орончдын тэмцлийг энэ цагийн залуус бид эгнэгт санах учиртай. Эцэг өвгөд минь 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо хамгаалсан шиг, энэ цаг үеийн иргэд бид тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртай” хэмээв.
Үе тэнгийнхнээ төлөөлж “Их засаг” сургуулийн сурагч Г.Гантулга, “Арвис” сургуулийн сурагч Б.Солонго нар үг хэлж, Монголын ирээдүй бидний гарт байна, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй иргэн болцгооё хэмээн үеийнхэндээ уриалж, Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгосон өвөг дээдэстээ талархаж байгаагаа хэллээ.
Өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 46306 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-т мөн зохион байгууллаа.
-
2024-11-20
-
2024-11-20