ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ЯЛГАХ ТЭМДГИЙГ ХЭЭРИЙН ХУВЦСАНД ЗҮҮДЭГ БОЛНО
Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/75 дугаар тушаалаар “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам” шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-аас цэргийн мэргэжлийн зэргийн энгэрийн ялгах тэмдгийг хээрийн хувцасны зүүн энгэрт хатгамал байдлаар зүүдэг байхаар бэлтгэж 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс Зэвсэгт хүчний хэмжээнд мөрдлөг болгон ажиллахаар болжээ. Тэгвэл дараах асуудлаар ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын мэргэжилтэн дэд хурандаа А.Батсүхээс тодрууллаа.
Цэргийн мэргэжлийн зэргийг хээрийн хувцсан дээр зүүдэг болсноор онцлог давуу тал нь юу гэж харж байна вэ?
-Монгол Улс “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” зорилго зорилтыг тавин ажиллаж байгаа. Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журмыг 2021 онд Батлан хамгаалах сайдын тушаалаар шинэчлэн найруулснаар өөрчлөлт, шинэчлэлийг авчрах олон журмууд батлагдсан. Үүний нэг нь цэргийн мэргэжлийн зэргийг хээрийн хувцсан дээр зүүдэг болох юм.
Цэргийн мэргэжлийн зэрэг гэдэг тухайн алба хаагчийн бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшнийг илтгэхийн зэрэгцээ тухайн хүний нэр хүндийн баталгаа болж өгдөг онцлогтой. Эл журам батлагдсанаар цэргийн алба хаагчид өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшлэх, бусад нөхдөдөө зөв үлгэр дуурайлал болох замаар нийт бие бүрэлдэхүүний эрүүл мэнд болоод гэр бүл, өрхийн амьжиргааны түвшинд хүртэл бодит өөрчлөлт гарах боломжтой гэж бид харж байгаа.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудад ажиллаж буй цэргийн алба хаагчдын хувьд ихэвчлэн хээрийн хувцсыг өдөр тутамдаа өмсдөг. Гэтэл тухайн цэргийн алба хаагчид бие бялдар болон цэргийн мэргэжлийн хувьд чадварлаг боловсон хүчин гэдгээ илтгэх энэхүү ялгах тэмдгээ хээрийн хувцсандаа зүүх нь хууль, эрх зүйн орчны хүрээнд боломжгүй байсан. Иймээс БХЯ-наас цэргийн мэргэжлийн зэрэг гэдэг тухайн алба хаагчийн нэр хүндийн баталгаа, үнэт зүйл учир хээрийн хувцсанд зүүх нь учир дутагдалтай гэсэн хэвшмэл ойлголтыг халж ЗХЖШ-т цэргийн мэргэжлийн зэргийн хээрийн хувцасны энгэрийн ялгах тэмдгийг бий болгож, Зэвсэгт хүчний хэмжээнд дагаж мөрдүүлэх үүрэг чиглэлийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж цэргийн алба хаагчдын цэргийн мэргэжлийн зэргийг хээрийн хувцсан дээр зүүх ялгах тэмдгийн загварыг гаргасан.
Тухайлбал, Цэргийн мэргэжлийн зэргийн хээрийн хувцасны энгэрийн ялгах тэмдэг (хатгамал) нь 50мм-ийн диаметр бүхий хар хүрээтэй, бор шаргал дэвсгэр дээр албаны хувцасны энгэрийн төмөр таних тэмдэгт дүрслэгдсэн бэлгэдэл (морьтой баатар)-ийг буулгасан. Цэргийн мэргэжлийн зэргийн дугаарыг доод хэсэгт байрлах бадамлянхуа цэцгийн голд 8 мм өндөр, 3 мм өргөнтэйгөөр ромбо тоогоор байрлуулах ба тоо нь улаан, цэнхэр, ногоон өнгөөр бичигдэхээр төлөвлөсөн.
Цэргийн мэргэжлийн зэрэг эзэмшихэд цэргийн алба хаагчид ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай вэ?
-Үндсэн шаардлага бол цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг хангасан байх, цэргийн сургалт бэлтгэлээр “Сайн”-аас дээш болоод төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ “Хангалттай” болон түүнээс дээш байхаар тогтоосон.
Цэргийн мэргэжлийн зэргийн шалгалтад орох эрх цэргийн сургууль, дамжаа төгссөнөөс хойш хоёр ба түүнээс дээш жил алба хаасан офицер, ахлагч, цэргийн гэрээт албанд элсэж нэг ба түүнээс дээш жил алба хаасан цэргийн гэрээт алба хаагчид дээрх үндсэн шаардлагыг хангасан тохиолдолд нээлттэй.
Энэ ташрамд хэлэхэд, өмнө нь мэргэжлийн зэрэг олгохдоо зөвхөн тухайн алба хаагчийн шалгалтын дүнг үндэслэдэг байсан бол одоо шалгалтад орох алба хаагчийн хариуцсан цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбар, алба, тасаг, нэгжийн хувьд сүүлийн хоёр жил ажлын хариуцлага алдаагүй, алба хаагч нь захиргааны болон сахилгын ноцтой зөрчил, дутагдал гаргаагүй байх ёстойг тооцохоор болсныг анхаарах нь зүйтэй.
Иймд дээрх шаардлагыг хангасан цэргийн алба хаагч зэргийн шалгалтад орох хүсэлтээ шууд захирах даргаараа уламжлуулан Цэргийн мэргэжлийн төв болон салбар комисст бичгээр гаргах боломжтой. Хэдэн ч мэргэжлээр зэрэг эзэмших эрх нь нээлттэй.
Мөн Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын уралдаан, тэмцээнд оролцож өндөр амжилт үзүүлсэн алба хаагчийг цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийг хангасанд тооцож болохыг зааж өгсөн. Үүнийг цэргийн мэргэжлийн комисс тухай бүрд нь шийдвэрлэнэ. Тухайн цэргийн алба хаагчийн гаргасан амжилт шалгуур хангахгүйгээс шалтгаалан комисс шалгалт өгнө гэж үзвэл шалгалтад орно.
Цэргийн мэргэжлийн зэрэг эзэмшсэнээрээ цэргийн алба хаагчид цалин, хөлсний хувьд ямар давуу эрхийг эдлэх боломж бүрдэх вэ?
-Цэргийн мэргэжлийн зэрэг эзэмшсэн цэргийн алба хаагчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоно. Өөрөөр хэлбэл, цэргийн мэргэжлийн III зэрэг эзэмшсэн цэргийн алба хаагчид 5 хувь, II зэрэг эзэмшвэл 10 хувь, I зэрэгтэй бол 15 хувиар тооцож олгоно.
Цэргийн мэргэжлийн зэрэгтэй холбоотой ирэх онд хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажил арга хэмжээ байвал бидэнтэй хуваалцаач?
-Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын жишээ сургамжаас авч үзэхэд цэргийн мэргэжлийн зэргийг манайх шиг ерөнхий байдлаар эзэмшдэггүй. Жишээлбэл Артиллерийн цэргийн мэргэжилтэй хүн уг мэргэжлээрээ зэрэг эзэшсэнийхээ дараагаар цэргийн ерөнхий зэргийг эзэмших эрх үүсдэг. Гэтэл манай улсын хувьд цэргийн сургалт бэлтгэлээр “Сайн”-аас дээш болоод төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ “Хангалттай” болон түүнээс дээш байх гэсэн шалгуур үзүүлэлтээр уг “төрөл мэргэжлийн зэрэг” хэмээх ойлголтыг үгүй хийдэг. Тиймээс одоо хүчинтэй мөрдөгдөж буй цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам хэт ерөнхий байна гэж харж байгаа.
Иймээс ирэх оноос цэргийн мэргэжлийн зэрэг эзэмшихийн тулд эхлээд төрөл мэргэжлийн зэрэг эзэмшдэг байх ёстой гэсэн зүйл заалтыг нэмүүлэхээр ЗХЖШ-аас ажлын хэсэг байгуулагдаж судалгаа, шинжилгээний ажлыг хийгээд 70 гаруй хувьтай явж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 11 мин
-
14 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин