МӨРДЭСТЭЙ БҮГДИЙН МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬ МОНГОЛ ЖАНЖДЫН ӨРГӨӨ СУРГУУЛЬ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-13
 
Батлан хамгаалахын удирдлагын академи үүсэн байгуулагдаж Монгол Улс дотооддоо цэргийн дээд боловсролтой удирдах албан тушаалын офицер бэлтгэж эхэлсний 30 жилийн ой энэ өдөр тохиож байна.
Эл ойн баярын хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын сайдын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, ҮБХИС-ын захирал бригадын генерал П.Жаргалан, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, БХУА-ийн захирал бригадын генерал Л.Онцгойбаяр тэргүүтэй ҮАБЗ, БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, Төрлийн цэргийн командлагчид, БХУА-ийн үе үеийн захирлууд, ахмадууд, төгсөгчдийн төлөөлөл оролцож байна.
Хүндэтгэлийн баярын хурлыг нээж БХУА-ийн захирал бригадын генерал Л.Онцгойбаяр хэлсэн үгэндээ манай академийн төгсөгчид БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ, ШШГЕГ-ын удирдах албан тушаалуудад амжилттай ажиллаж, Батлан хамгаалах салбарын шинэчлэлтийг гардан зохион байгуулан хэрэгжүүлэх хариуцлагатай үйлст үнэтэй хувь нэмэр оруулж байгаагийн зэрэгцээ дэлхийн халуун цэгт энхийг сахиулах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэн академийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явааг онцлоод БХУА-ийн сургалтын орчин, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарт академийн хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлсэн юм.
Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БХУА-ийн 30 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Цэргийн шинэчлэлт, өөрчлөлтийн агуулгад орших Цэргийн номлол, зэвсэгт тэмцэл явуулах стратеги-тактикийн үндсийг тодотгох, цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоог шинэчлэх, Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох зэргээс гадна Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чадварлаг хүний нөөцөөр хангах, даргалах бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, бүрдүүлэх нь өнөө цагт анхаарах чухал асуудлуудын нэг болоод байна. Иймд БХЯ-ны зүгээс тус академийн сургалтын чанарыг ахиулах, элсэлтийн журамд өөрчлөлт оруулах, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэрэгцээ, шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан цэргийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зэрэг үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжин ажиллах болно” гэлээ.
Арга хэмжээний төгсгөлд үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллагын “Стратеги-тактик, цэргийн удирдлага” мэргэжилтэй удирдах албан тушаалтнуудыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх, цэргийн дээд боловсролын сургалтын байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа ҮБХИС-ийн БХУА-ийн зарим тэргүүний багш, ажилтан, алба хаагч, ахмадуудыг Батлан хамгаалах салбарын болон ХХЕГ-ын шагналаар шагнаж урамшууллаа.
Анх Зэвсэгт хүчинд цэргийн дээд боловсролтой стратеги тактик-команд штабын мэргэжил бүхий боловсон хүчнийг сургаж бэлтгэх үүрэгтэй байгуулагдсан “Оперативын факультет” өнгөрсөн 30 жилийн хугацаанд сургалтын агуулга технологи, багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд жилээс жилд хөгжин дэвшсээр өдгөө үндэсний хэмжээнд цэргийн дээд боловсролтой офицер, удирдах албан тушаалтныг бэлтгэдэг цэргийн академи болтлоо өргөжсөн байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.12.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.