БХЯ/: Ж.Болдбаатар: ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЦӨӨНГҮЙ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-18
Зургийн тодорхойлолт алга байна.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт анги, байгууллагуудын дарга, санхүү, галын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албан тушаалтнуудын дунд танхимаар болон цахим байдлаар сургалт зохион байгуулагдаж байна.
Тус сургалтаар төсвийн төлөвлөлт, зарцуулалт, төрийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, галын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг сайжруулах сэдвийн хүрээнд илтгэлүүд хэлэлцүүлэх бөгөөд Сангийн яам, Үндэсний аудитын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, ҮБХИС хамтран ажиллах юм.
Уг сургалтын нээлтийн үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ, "Миний бие одоогийн албан тушаалд томилогдоод гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд та бүхэнтэй хамтраад байгууллагын төсөв санхүүгийн зарцуулалт, төрийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгааалалт, ашиглалтыг сайжруулах, аливаа осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар цөөнгүй ажлыг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн. Өнгөрсөн жилүүдэд салбарын хэмжээнд эрх зүйн шинэлчлэл хурдацтай хийгдэж Зэвсэгт хүчний хэтийн болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилт тодорхойлогдож, анги, байгууллагуудын штабын бэлэн байдлын түвшинд ахиц гарсан, улс орны стратегийн бүтээн байгуулалтад тэргүүн эгнээнд оролцох болсон зэрэг ахиц дэвшлүүд гарч, салбарын үйл ажиллагааг төр засаг, иргэд тодорхой түвшинд үнэлж байна. Хөндлөнгийн хяналт, шалгалтын үр дүнгээр ч энэ нь баталгаажиж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, батлан хамгаалах салбар Авилгатай тэмцэх газраас гаргадаг "Шударга байдлын үнэлгээ"-ээр бусад салбар, яамдыг тэргүүлсэн.
Гэвч төсөв, санхүүгийн хариуцлагатай холбоотой зөрчил, дутагдал гарсаар байна. Иймд дараах үүрэг, чиглэлийг та бүхэнд өгч байна.
Үүнд, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төсөв болон төрийн өмч хөрөнгийг захиран зарцуулж буй эсэхэд тавих дотоод хяналтыг дээшлүүлэх, эд хөрөнгийн тооллогыг чанартай, үр дүнтэй явуулж, данс бүртгэлтэй нэг бүрчлэн тулган баталгаажуулж, дутсан болон илүүдсэн хөрөнгийн асуудлыг дор бүр нь зохих шатны хурлаар хэлэлцэж шийдвэрлэх, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах талаар учир дутагдалтай байна. Мөн шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулах мэдээллийг хугацаа хоцроох, дутуу мэдээлэх зэрэг зөрчил ч буурахгүй байна. Тиймээс эдгээр алдаа тутагдлаа засаж, аливаа эрсдэлийг тооцон, гарч болох зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагад анхааран соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна" хэмээлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.176.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.