БХЯ/: ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ГАВЬЯАГ ҮНЭЛЖ, ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-20
 
Өнөөдөр Соёлын төв өргөөнд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны XXI ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, орлогч дарга хурандаа Т.Галбадрах болон Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлагч нар, Барилга-инженерийн удирдах газрын дарга, үүргээ амжилттай гүйцэтгэсэн энхийг сахиулагчид оролцлоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 2002 оноос эхлэн оролцож эхэлснээс хойш өдгөө давхардсан тоогоор 21000 орчим цэргийн алба хаагч, түүний дотор 1000 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэн, өнөөдрийн байдлаар дэлхийн цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Цэргийн гавьяаны одонгоор UNMISS ажиллагааны Хүчний штабын удирдах албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн хурандаа О.Нацагдорж нарын зургаан алба хаагчийг, Цэргийн хүндэт медалиар цэргийн багийн ажиллагааны удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг чадварлаг зохион байгуулсан дэд хурандаа Н.Гэрэлбадрах нарын 17 алба хаагчийг, Энхийн төлөө медалиар энхийг сахиулах ажиллагаанд анх удаагаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Б.Хишигсүрэн, ахлах ахлагч Г.Октябрь, дэд ахлагч П.Мөнхсаран нарын 417 алба хаагчийг шагналаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын тушаалаар БНӨСУ улсад цаг агаарын, үер усны гамшиг болон цагийн байдлын хүнд нөхцөлд энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад Батлан хамгаалах салбарын шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.2.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.