БХЯ/: Г.САЙХАНБАЯР: СТРАТЕГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОРОЛЦОО НЭМЭГДСЭЭР БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-23
Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалт, тэр дундаа төмөр замуудын барилга угсралтын их бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний оролцооны талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай Mining Insight сэтгүүлийн сэтгүүлч Б.Энхмаа ярилцсаныг хүргэж байна.
?️Барилгын цэргийн ангиар тодорхой мэргэжил, ур чадварыг эзэмшүүлж, улс орны бүтээн байгуулалтыг босголцож ирсэн түүхээс ярилцлагаа эхэлье.
Монгол Улсын Зэвсэгт хүчин 100 гаруй жилийн түүхэн хугацаандаа эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон өнөөгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн түүхтэй. 1936 онд тухайн үеийн Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмидийн санаачилгаар “Барилгын цэрэг”-ийг анх байгуулж, нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсан хот болоод аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, орон нутгийн их бүтээн байгуулалтуудад оролцож, Монголын барилгын салбарт болоод улс орны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн. 2005 онд “Барилгын цэрэг”-ийг татан буулгаж, Зэвсэгт хүчний бүтцэд 1 анги, 1 салбар л үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байлаа. Үүнээс 10 жилийн хойно батлан хамгаалахын эрх зүйн орчныг сайжруулах асуудалд төр засаг, батлан хамгаалахын удирдлагын зүгээс онцгойлон анхаарч, төрөөс баримтлах бодлого, түүнийг дагалдан гарах хуулиудыг шинэчлэн баталж, мөрдөж эхэлсэн юм. 2019 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын бүтцэд бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгж бий болсон. Жилийн дараа Зэвсэгт хүчний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Барилга-инженерийн цэргийн удирдах газрыг байгуулах түүхэн шийдвэр гарсан. Энэ нь маш зөв бодлого болж, богино хугацаанд бодит биеллээ олсныг улс орны өнөөгийн бүтээн байгуулалтын томоохон ажлууд оролцоо, үр дүн харуулж байна. Батлан хамгаалах яамнаас онцгойлон анхаарснаар Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа ангиудын хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт, техник, тоног төхөөрөмжийн хангалт эрс дээшилсэн. Барилга-инженерийн цэргийн улсыг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалт дахь оролцоо жилээс жилд нэмэгдэж байна. Төр засгаас даалгасан үүргийг өндөр хариуцлага, нэгдсэн зохион байгуулалттайгаар, богино хугацаанд, өндөр түвшинд гүйцэтгэж байна.
?️Сүүлийн жилүүдэд төмөр замуудын барилгын ажил эрчимжиж Зэвсэгт хүчний оролцоотой хэрэгжиж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хэчнээн анги нэгтгэл ямар төрлийн ажлуудыг гүйцэтгэсэн бэ?
Дорноговь аймгийн нутгаар үргэлжлэн БНХАУ-ын Мандал боомттой холбох экспортын төмөр замын ажилд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн 6 ангийн 1000 гаруй алба хаагч, 400 гаруй нэгж техниктэйгээр 2022 оны 02 дугаар сараас эхлэн оролцсон. Бүтээн байгуулалтын хүрээнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төмөр замын трассын дагуу 4,6 орчим сая шоо метр газар шорооны ажил, 63 байрлалд ус өнгөрүүлэх хоолой, 35 орчим км дээд бүтэц тавих ажлыг хагас жил гаруй хугацаанд чанар, стандартын дагуу бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөөд байна.Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаас Ханги чиглэлд салаалсан төмөр замын эхлэл хэсэг болох 3 замын уулзвар нь нэлээд түвэгтэй, нарийн тооцоолол шаардсан маш том ажил байсан. Энэхүү өндөр хурдны 1/11 маркийн суман шилжүүлэг бүхий 1200 м-ийн радиустай, 80 м өргөн, 5.9 км урт, 11 салаа бүхий тойрог төмөр замыг манай инженер техникийн ажилчид барьсан. Үүний зэрэгцээ төмөр замын 3 хос гүүрийг 9 байршилд байгууллаа.
?️Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын онцлог, эдийн засгийн давуу талыг Та хэрхэн харж байна вэ?
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оор төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн. “Боомтын сэргэлт”-ээр хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбож, тээвэр, ложистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ачаа тээврийн урсгалыг сайжруулах зорилготой. Цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлж, боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлнэ. Энэ дагуу хэрэгжсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн-Жинин-Хөх хот-Бугат (1,722 км) чиглэлийн тээврийн маршрут Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат (1,404 км) чиглэлд 318 км дөт болох давуу талтай. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг буурахаас гадна манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх боломжтой болно гэсэн тооцоолол гарснаас ач холбогдлыг тодорхойлж болно.
?️Зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын чамгүй хэдэн төслийн ард гарлаа. Бусад ажлуудын талаар дурдвал?
Улс орны стратегийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний алба хаагчдын оруулсан хувь нэмэр асар их. Тухайлбал, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн 17.5 км хүнд даацын автозам, үйлдвэрийн ажилчдын 5 блок барилгын ажил, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийн ажил, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын ажил, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалт, Дарханы авто замын ажил зэргийг дурдаж болно. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, дотоодын аж ахуй нэгж, байгууллагуудын хүчээр нийт 310 орчим тэрбум төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниар гүйцэтгүүлэхээс даруй 2.5 дахин бага зардлаар хийсэн юм. Барилга-инженерийн цэргийн хувьд урьд нь төмөр зам барих туршлага байгаагүй ч хамтран ажилласан байгууллагууд, инженер, техникийн ажилчидтай хамтарсан сургалт, дадлагуудыг цаг тухайд нь зохион байгуулж, бие бүрэлдэхүүний мэдлэг, чадварыг дээшлүүлсний үр дүнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2021 онд хүлээлгэн өгсөн. Уг төсөлд Барилга-инженерийн цэргийн 9 ангийн 2200 гаруй алба хаагч, 600 орчим нэгж техниктэй оролцлоо. Доод бүтцийн шороон далан, дээд бүтцийн төмөр замыг тавьснаас гадна төмөр бетон ус өнгөрүүлэх хоолой, гүүр, өртөө, зөрлөгийн барилга угсралтын ажлыг 2,4 жилийн хугацаанд гүйцэтгэсэн. Энэ бол Барилга –инженерийн цэргийн алба хаагчдын хувьд том амжилт, бас туршлага. Барилга-инженерийн төрлийн цэргийн үүрэг гүйцэтгэх чадавх, хүчин чадал дээшилж, мэргэжлийн боловсон хүчний хувьд “эрийн цээнд” хүрч, бэхжиж байна.
?️Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчин ямар томоохон төсөлд оролцох бол?
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчин Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлаа дуусгаад шууд “Богдхан” төмөр замын төслийн доод бүтцийн ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр оролцож, ажлаа эхлээд байна. Уг төслийн эхний ээлжинд Барилга-инженерийн цэргийн ангиуд 37.5 км төмөр замын трассын далангийн газар шорооны ажил, 43 байрлалд, ус өнгөрүүлэх хоолой, 5 байрлалд гүүр, 3 зөрлөгийн бүтээн байгуулалтыг туслан гүйцэтгэгч байгуулагуудтай хамтран хийж гүйцэтгэнэ. Ойрын хугацаанд Архангай, Говь-Алтай аймгууд дахь Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн ангийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, анги салбаруудаа төмөр зам, авто зам, үйлдвэр станцын барилга байгууламж барих зэрэг улсыг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажлууд болон орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц ажлуудад оролцуулах бодлого, чиглэлийг баримтлан ажиллаж байна.
?️Томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд мэргэжлийн, чадварлаг бүрэлдэхүүн шаардлагатай. Тэгвэл мэргэжлийн бүрэлдэхүүнээ хэрхэн бэлтгэж, мэргэшүүлж байна вэ?
Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчнийхээ боловсон хүчний нөөцийг бүхий л мэргэжлийн чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаатай гадаад орнууд, үндэсний их, дээд сургууль, бусад байгууллагатай хамтран бэлтгэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Тэр дундаа бүтээн байгуулалтад оролцох мэргэжлийн хүмүүсээ бэлтгэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Дотооддоо Үндэсний батлан хамгаалахын их сургуульд инженерийн болон барилгын мэргэжлийн офицер, ахлагч нарыг бэлтгэж, 2015 оноос эхлэн төмөр замын бүтээн байгуулалтад оролцох бэлтгэл ажлын хүрээнд зарим мэргэжлээр мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалт, техникийн мэргэжлийн ахлагч нарыг бэлтгэх, аймаг, нийслэлийн МСҮТ-үүдтэй хамтран “Машин, механизмын оператор”-ын сургалтад хугацаат болон цэргийн гэрээт алба хаагчдыг хамруулан сургаж байна. Мөн цэргийн албанд орж ажиллах сонирхолтой 18-35 насны хэрэгцээтэй мэргэжилтэй залуусыг офицер, ахлагчийн албанд гэрээгээр элсүүлэн ажиллуулж байна. Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр Япон Улсын өөрийгөө хамгаалах хүчний Инженерийн цэрэгтэй хамтарч “Зам” нэртэй онол, дадлага хосолсон сургалт, дадлагыг жил бүр зохион байгуулж, авто зам, замын далан, үерийн ус зайлуулах байгууламж барих зэрэгт Барилга-инженерийн цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлж байна.
?️Ярилцсанд баярлалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүх хариу үйлдэл:
Та ба өөр 26 хүн
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.