БХЯ/: ДАЙНЫ ГЭРЧ БОЛСОН БААТРУУД 52-ХОН БОЛЖ ЦӨӨРӨВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-09
Ердөө саяхандаа, 2014-2015 онд ялалтын ойнууд тэмдэглэхэд дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдын тоо 400 хол давсан байв. Энэ тоо 2021 он гэхэд 100 гаруй болж буурсан бол 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 52 буюу ахархан хугацаанд тэн хагас нь бурхны оронд дэвшсэн байна. Энэ нь дайныг гэрчлэх баатрууд жилээр бус сар, өдрөөр цөөрөх гашуун үнэн бидэнтэй зэрэгцэн оршиж байгааг илтгэнэ.
Дайнд оролцогчдын Монголын хорооны бүртгэлээр Халхын голын байлдаанд оролцсон нэг, Чөлөөлөх дайнд оролцсон 31, Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон 20 ахмад дайчин эсэн мэнд байгаагаас хоёр нь эмэгтэй. Суман мөндөр, шуурган давшилтад тулалдаж явсан ахмад дайчдын хамгийн залуу нь 95-тай бол, хамгийн ахмад нь 102 настай. 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 21 мянган цэрэг эрсийн нэг болж 20 гаруйхан насандаа буу агсан дайтаж явсан ахмад дайчин Ундрахын Доржпалам гуай өдгөө 102 настай.
Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдаас цор ганцаар түүхийн гэрч болж яваа буурал бол Дорнод аймгийн Баяндунгийн уугуул 99 настай Ц.Чимэдцэрэн гуай. Тэрээр дайны жилүүдэд Баянтүмэний цэргийн эмнэлэгт сувилагч, индүүдэгч, тогооч хийж байсан бөгөөд тэгэхэд ердөө 15-хан настай байв.
Хоёр дахь эмэгтэй ахмад дайчин нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, өдгөө 99 насыг зооглож байгаа “Фронт” хэмээн хүндлэгдсэн С.Цэгмид. Аугаа их Эх орны дайны үед Монгол Улсаас ЗХУ-ын Улаан армид “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриа дор 8 удаагийн тусламжийн цувааг хүргэж өгсөн ба үүний нэгд нь төлөөлөгчдийн хамт 19 настай малчин бүсгүй явсан нь Сүрэнхорын Цэгмид байлаа. Түүнийг 2020 онд Батлан хамгаалах яамны шийдвэрээр байлдаанд оролцсон ахмад дайчнаар бүртгэж, мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Төрийн дээд шагнал “Найрамдлын одон”-гоор шагнасан нь дайны голомтод тусламжийг цувааг хүргэсэн үйл хэргийг нь үнэлсэн, талархал илэрхийлсэн хэрэг юм.
Засгийн газраас ялалтын ойг арван жилийн үечлэлтэйгээр тэмдэглэж байх тухай шийдвэр гарсан нь цөөхөн үлдсэн ахмад дайчдын хувьд энэ нь тэр бүр үзээд байх боломжгүй нөхцөл өнөөдрийн түвшинд байна. 95-102 хүртэлх настай буурал түүхийн гэрч болсон дайчдад тэгээр төгссөн ялалтын тэгш ой гэдэг дэндүү хол сонсогдож байгаа учраас Батлан хамгаалах яамны удирдлага тав болон тэгээр төгссөн ойн жилүүдэд тэмдэглэх санал оруулж, шийдвэрлүүлэн тэмдэглэж байсан билээ.
Энэ жил ч гэсэн баруун хилийн зэвсэгт тулгаралтын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах Ерөнхий газрынхан холбогдох шийдвэрийг нь гаргуулахаар ажиллаж байна.
Ер нь тэгээд түүхт ялалтын ойг тэмдэглэх нь улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ахмад үеийнхэн яаж амь, бие хайрлалгүй тэмцсэнийг залуу үедээ ойлгуулах, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэхэд онцгой ач холбогдолтой.
Дайн алсарсан ч халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж, ариун газар шороондоо шингэж мөнх нойрссон баатруудаа дурсаж, өдрөөс өдөрт цөөрч байгаа эх орны эрэлхэг хөвгүүд, охидоо алдаршуулах нь зүй ёсны хэрэг юм.
Ахмад дайчдын төлөөх үйл хэрэг бүхий байгууллага анх 1931 онд Цэргийн явдлын яамны сайд Г.Дэмидийн санаачилгаар Партизаны хэрэг эрхлэх комисс нэртэй байгуулагдаж, Г.Дэмид, Х.Чойбалсан, Д.Дашзэвэг, С.Янжмаа, Г.Бумцэнд, П.Тогтох нар тэргүүлж байжээ. Тус комиссыг 1968 онд өргөжүүлж Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтний хороо болгосон бөгөөд хороог Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга С.Лувсан, нэр нөлөө бүхий генералууд Ж.Цэнд-Аюуш, Б.Дорж, Ж.Жамьян нар тэргүүлж байв.
1988 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын санаачилгаар нийт ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Монголын ахмадын холбоо” олон нийтийн байгууллагыг байгуулахад дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдыг тусгайлан авч үзэж тус холбооны бүрэлдэхүүнд Дайнд оролцогчдын Монголын хороог байгуулсан түүхтэй. Дайнд оролцогчдын Монголын хороог Монголын ахмадын холбооны орлогч дарга хурандаа Г.Дашзэвэг, эрдэмтэн Л.Чулуунбат болон Д.Бямбацогт, Г.Дугарсүрэн, Ч.Самбуу нарын генералууд удирдаж байсан юм.
Ахмад дайчдын санал хүсэлтийн дагуу тус хороо 2017 оноос Батлан хамгаалах яамны ивээлд үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд өдгөө тус хороог тэргүүлж байгаа бэлтгэл хурандаа Г.Лүндэнгийн хорооныхоо бүрэлдэхүүнийг цэргийн ажиллагаа, энхийг дэмжих үйлст оролцсон ахмад дайчдаар сэлбэн өргөжүүлж, Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хороо болгон өөрчлөн зохион байгуулах саналыг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага дэмжсэн байна. Иймд тэрээр олон улсын цэргийн ажиллагаа, энхийг дэмжих ажиллагаанд оролцсон, удирдсан цэргийнхэнтэй хамтран өөрчлөн зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.