БХЯ/: ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-18
Бүгд Найрамдах Турк Улсын Хатай мужид эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон 35 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орондоо ирлээ. Бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан угтан авч баяр хүргэв. Тэрбээр энэ үеэр үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад "Цагийн хүрдийн баатрууд"-ын өргөмжлөлийг гардуулсан юм. Тус үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од болон бусад албаныхан оролцлоо.
Нийт 10 хоногийн хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээг үзүүлсэн бол аврагчид маань нийт найман хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.
Үүргээ амжилттай гүйцэтгэсэн баг эх орныхоо зүг мордохын өмнө амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэн нэг минут малгайгаа авч гашууджээ. Одоогоор ослын халуун цэгт амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ОХУ, Япон, Польш зэрэг улсаас аврах багаа илгээгээд байгаа юм.
Ташрамд дурдахад, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материал, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БНТУ руу таван тонн махан нөөш, нэг тонн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг эхний ээлжид илгээсэн. Энэ цаг үед ч Монгол Улс хүмүүнлэгийн тусламжийн бараа, бүтээгдэхүүний хандвийг цуглуулж илгээхээр бэлдээд байгаа билээ.
БНТУ-ын холбогдох байгууллагуудын удирдлагууд хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж, хамтран ажиллаж буй Монгол Улсын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.