БХЯ/: Г.САЙХАНБАЯР: “НҮҮДЭЛЧИН ЗААН” СУРГАЛТ, ДАДЛАГА НЬ ХОЁР ОРНЫ ЦЭРГИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАХАРХАЛ МӨНӨӨС МӨН
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-20
Монгол, Энэтхэг хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий 15 дахь удаагийн "Нүүдэлчин заан" цэргийн хамтарсан сургалт, дадлагын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
7 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү сургалт, дадлага нь томилгоот бүрэлдэхүүн орон тооны хүч хэрэгслээр үндсэн үүрэг гүйцэтгэх, түүнд дэмжлэг үзүүлэх ажиллагаанд бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, харилцан туршлага солилцох замаар үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Уг сургалт, дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Тусгай хүчний цэргийн командлалын харьяа 345 дугаар нэгтгэл, 084, 150, 330, 350 дугаар ангиуд, БНЭУ-ын талаас Жаму болон Кашмирын нэгдүгээр явган цэргийн батальоны цэргийн алба хаагчид оролцож байна.
Сургалт, дадлагыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол, Энэтхэг хоорондын дипломат харилцаа 70 орчим жилийн арвин их түүхтэй. Тэр дундаа хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа голлох байр эзэлж байдагт сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Монгол Улсад айлчилж, миний бие БНЭУ-д хариу айлчилсан нь бидний харилцаа, хамтын ажиллагааг нэгэн шинэ шатанд гаргаж, ойрын ирээдүйд хэрэгжүүлэх олон ажил арга хэмжээний эхлэл болсон. Тэгвэл энэ өдөр тэдгээр олон ажил, арга хэмжээний нэг нь болох цар тахлын улмаас завсардаад байсан хоёр орны тусгай хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” сургалт, дадлага ахин сэргэж нээлтийн арга хэмжээг зохион байгуулж буйд баяртай байна. Бид тус сургалт, дадлагыг 15 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа нь хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааны бахархал мөнөөс мөн. Хамтарсан сургалт, дадлагаар хоёр улсын цэргийн алба хаагч нар харилцан бие биеэсээ суралцаж, шаардлагатай цагт дэлхийн хаана ч хамтдаа үүрэг гүйцэтгэх бэлтгэлтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үргэлжлүүлэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П Сингх хэлсэн үгэндээ “Хоёр улс маань өнө эртнээс түүх, соёл, оюун санааны хэлхээтэй явж ирсэн. Тэр дундаа сүүлийн жилүүдэд хоёр улсын Батлан хамгаалах салбар хоорондын гадаад хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйд баяртай байна. Саяхан болж өнгөрсөн “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын талаас 40 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцсон. Товчхондоо бид бүхэн нэг сарын хугацаанд 2 удаагийн цэргийн багийн хамтарсан сургуулийг зохион байгуулж байна. Энэ нь хоёр улсын батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг харуулсан явдал боллоо” хэмээгээд Батлан хамгаалахын сайд нарын харилцан айлчлалын үеэр БНЭУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр яригдаж байсан эмнэлгийн түргэн тусламжийн машин, хүйтний улирлын тусгай хувцас хэрэглэлийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулан өглөө.
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.51.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.