Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин, зөрчлийг арилгахаар хоёр үе шат бүхий хяналт, шалгалтыг явуулж эхэлсэн. Тодруулбал, НИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журамд зааснаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 гадна зар сурталчилгааны байгууламж хамаардаг. Гэвч аж ахуйн нэгж байгууллагууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсаар байгаа юм. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу тодорхой стандартуудыг мөрдүүлэхээр уг хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж буй.
Хан-Уул дүүрэгт л гэхэд 951 иргэн, аж ахуйн нэгжид хамаарах стандартын шаардлага хангахгүй хаяг, хаягийн байгууламж бий гэсэн судалгаа гарчээ. Иймд тус дүүргийн зүгээс дээрх аж ахуйн нэгжүүдэд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг буулгаж эхэллээ.
Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Зөвшөөрөлгүй байршуулсан, өнгө үзэмжээ алдсан самбарууд нь хүчтэй салхинд унах, улмаар хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй тул уг ажлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Өнгөрсөн жил 600 гаруй зөвшөөрөлгүй хаяг, хаягийн байгууламж буулгасан. Энэ жил Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан тушаал болон дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулан, зөрчлийг арилгахаар ажиллаж буй. Хан-Уул дүүрэг хороодтойгоо хамтран худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд гурав хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс буулгах ажил эхлээд байна” хэмээсэн юм.
Хан-Уул дүүргийн III хорооны Засаг дарга С.Батхишиг “Манай хорооны нутаг дэвсгэрт 270 гаруй аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээрээс эхний ээлжид зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламжаа байрлуулсан 22 аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Үүнээс 11 аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламжийг буулгаад байна. Самбарыг зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулснаар явган хүний зам, гарц гармыг хааж, зорчих хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох стандарт, журмыг чанд сахиж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” гэв.
2022 онд шинээр баталсан Хотын стандартын “Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлага”-д гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламж нь хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдсан, хяналтын камер, гэрлэн дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангадаг байх ёстой зэргээр заасан юм. Ийнхүү зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг дүүрэг бүр эхлүүлээд байна.
-
1 цаг 14 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин