ХУД: Хан-Уул дүүргийн үйлдвэр эрхлэгчдийн нэрэмжит өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-02-17
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас зохион байгуулж буй “Амар байна уу-2023” үзэсгэлэн, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цогц арга хэмжээ 2023 оны 01 сарын 20-ноос 02 сарын 20-ны өдрийг дуустал Шинэ зуун айл худалдааны төв-д зохион байгуулагдаж байгаа билээ.
 
Энэхүү цогц арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг цар тахлын дараах орлогыг дэмжих хүрээнд түрээсийн төлбөргүй байршуулж, нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнийг олонд түгээх, нэмүү өртөггүй хэрэглэгчдэд хүргэх онцлогтой оролцуулж байна.
“Амар байна уу-2023” цогц арга хэмжээний хүрээнд Хан-Уул Эко Дүүрэг-ийн үйлдвэрлэл эрхлэгчдийг сурталчлах нэрэмжит өдөрлөг 02 сарын 15-ны өдөр боллоо. Нэрэмжит өдөрлөгт үйлдвэрлэл эрхлэгчид болон Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн болон Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв-ийн дарга Н.Дорждулам нар оролцлоо.
 
Үйлдвэрлэл эрхлэгчдийг сурталчлах нэрэмжит өдөрлөгийн үеэр нийслэл, дүүргээс зохион байгуулагддаг сургалт, үзэсгэлэн худалдаанд тогтмол амжилттай оролцдог иргэн, аж ахуйн нэгж болох “Пашмина” ХХК-ны захирал Н.Оюунгэрэл, уран бичээч Их Тугчин Гэрэлсайхан Ш.Гэрэлсайхан нарыг Хан-Уул дүүргийн дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.
 
Түүнчлэн 9 дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь 21 аймгийн баялаг бүтээгчдийг хариуцан ажилласан бөгөөд Хан-Уул дүүрэг Баянхонгор аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдээлэл сурталчилгаа, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжин ажилласан юм. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн ЖДҮДТөвийн дарга Н.Дорждулам Баянхонгор аймгаас хамгийн өндөр борлуулалттай утсан мах үйлдвэрлэгч “Пүүлээ цех”, 32 төрлийн цагаан идээ боловруулан үйлдвэрлэгч “Тэргүүн богд” ХХК-нд талархал гардуулж, цаашдынх нь бизнесийн ашиг орлогод нь амжилт хүслээ.
 
Хан-Уул дүүргийн нэрэмжит өдөрлөгийн үеэр сар шинийн баярын бэлтгэл хангаж байгаа иргэд, үйлчлүүлэгчдийн дунд шагайн наадгай, азын сугалааг зохион байгуулж үндэсний үйлдвэрлэлийн гарын бэлгээр урамшуулан, үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн дуу хуураар бэлэг барьлаа.
 
Хан-Уул дүүргийн 68 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тус үзэсгэлэн худалдаанд оролцож, 26 хоногийн хугацаанд 87 000 000 /наян долоон сая/ төгрөгийн шууд борлуулалт хийсэн байна.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.6.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.