ХУД: Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан
Б.Норовням
Үйл явдал
/
2023-01-16

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд үнэ, зориулалтын талаар зарим нэг мэдээлэл гараад буй. Иймээс тус машины талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон Ерөнхий инженер С.Батболд нараас тодрууллаа.

-Зам, талбайн цэвэрлэгээний 28 машин цас цэвэрлэх үү.  Мөн үнийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ машин бол зам, талбай  цэвэрлэдэг тусгай зориулалтын бичил машин. 2019 онд ийм машин 20 ширхэг орж ирсэн. Үүндээ үндэслэн тооцоо, судалгаа хийж, жилийн дөрвөн улиралд, тэр тусмаа 35 хэмийн хүйтэнд ажилладаг, явган зам, нуух цэвэрлэдэг эдгээр машиныг авсан. Ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, техник технологийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага ч байсан.

Зарим хүн энэ машиныг зөвхөн цас цэвэрлэдэг гэж ойлгоод байгаа. Энэ бол зам, талбай цэвэрлэнэ. Тухайлбал, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Зам, талбайн нэг үйлчлэгч 10 мянган ам.метр талбай цэвэрлэж байна. Нэг машин багадаа зургаан хүний нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ.

Үүнд үндэслэн, 2022 оны төсөвт суулгаж, тодорхой тооцоо, судалгаа хийж, тендер зарлаж худалдан авсан.

-“Бат сээр” компани тендерт шалгарч, нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлсэн юм билээ. Тендерт аж ахуйн нэгжүүд ямар үнэ санал болгож, тус компани шалгарсан бэ?

– Тендер зарлах үед манай эдийн засгийн алба тооцоолол гаргаж байсан. Ийм машины хувьд тоноглол, хүчин чадал, мотор зэрэг үзүүлэлтээсээ хамаараад үнэ ханш нь өөр өөр. Манайх шиг эрс тэс нөхцөлд ажиллах, мөн олон зориулалтаар ашиглаж болох тоноглол, дагалдах хэрэгсэлтэй байх, техник үзүүлэлт нь нийцсэн байх зэрэг шаардлага тавьсан.

2019 онд авсан 20 машины нэг бүрийн үнэ 141.5 сая төгрөг байсан юм билээ.  Компаниудаас ирүүлсэн үнийн саналын хамгийн дээд тал нь 148 сая төгрөг, хамгийн доод үнэ нь 80 сая орчим төгрөг, цахилгаан мотортой, хүчин чадал багатай нь бүр хямд байсан. Боломжит хувилбаруудыг бид судалж үзээд шаардлага хангах, техникийн үзүүлэлт нь сайн, эрс тэс нөхцөлд ажиллах боломжтойг нь сонгон шалгаруулсан.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батболд: Шинэ машинууд одоо ашиглаж буйгаас илүү боловсронгуй

-Шинээр оруулж ирсэн бичил машинуудын техник үзүүлэлт нь ямар байна вэ?

– Зам талбайн цэвэрлэгээний эдгээр машины хувьд 2022 онд үйлдвэрлэсэн, авто болон явган зам дээр явдаг, өвөл зуны аль ч улиралд ашиглах боломжтойгоороо онцлог. Хөдөлгүүрийн хувьд гурван цилиндртэй, дизель түлшээр ажилладаг, Японы “Янмар” мотортой. Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай, илүү боловсронгуй болсон.

– Худалдааны вэбсайтуудад байгаа, илүү хямд машинуудаас юугаараа ялгаатай вэ?

– Техникийн үзүүлэлт, зориулалт нь өөр. Бид өмнө нь ч судалж үзсэн, спорт заал гэх мэт жижиг хэмжээний газар цэвэрлэдэг, цахилгаан мотортой машинууд хямд байдаг. Яг манайх шиг уур амьсгалтай оронд, тэр тусмаа цэвэрлэгээ арчилгааны олон зориулалтаар ашиглах тоноглолтой, хүчин чадалтай машин тийм хямд байх боломжгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.125.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.