ХОВД: “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгуулж байна
Олон мянган төрийн албан хаагчдаас тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, ая тухтай орчин бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах гээд ямар ч цаг үед бэлэн арын албанд, ачааны хүндийг үүрч ажилладаг хүмүүс бол төрийн үйлчилгээний ажилтнууд байдаг.
Гэвч өнөөдөр болтол тэдний дуу хоолойг сонсож тулгамдсан асуудлыг шийдвэрлэх уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаагүй.
Тиймээс аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагийн санаачилгаар Засаг даргын Тамгын газраас харьяа яам, холбогдох төрийн байгууллагууд болон аймгийн ИТХ, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын Ажлын албатай хамтран “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймаг, сумын төрийн, үйлчилгээний байгууллагын үйлчлэгч, жижүүр, жолооч, манаач, сантехникч, цахилгаанчин, галч, угаагч, асрагч зэрэг 1000 орчим ажилтан оролцож байна.
Тус зөвлөгөөний нээлтийн үеэр аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа:
“Шинэ сэргэлт-Төрийн бүтээмж” зөвлөгөөнд сэтгэл гарган, зорьж ирсэн үйлчилгээний ажилчдад талархал илэрхийлж амжилт хүслээ. Мөн аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлсэн ажил, анхаарч буй асуудлын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр,
Орон нутагт “ШУДАРГА ЁС”-ыг тогтоож иргэдээ “ЭРТ ИЛРҮҮЛЭГ”-д хамруулах, “ГАЗАРТАЙ БОЛГОХ”, “ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох зэрэгт түлхүү анхаарч байгаа. Үүний үр дүнд эрт илрүүлгийн үзлэг болон Тоон гарын үсэг олголтоороо улсдаа тэргүүлж байгааг онцоллоо.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилготой энэхүү зөвлөгөөнд оролцогчдод ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар төрөөс үйлчилгээний ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудалтай холбоотой мэдээлэл өглөө.
Мөн төрийн бусад байгууллагын төлөөлөл сургалт хийж тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Оролцогчид:
Үйлчилгээний ажилчдын зөвлөгөөнийг санаачилсан, зохион байгуулсанд талархал илэрхийлж цалин хөлс ялангуяа нийгмийн асуудалд анхаарч, шийдвэрлэж өгөхийг хүсэж байв.
Зөвлөгөөнд оролцогчдоос гарсан саналыг шийдвэр гаргах түвшинд уламжилж ажиллах юм
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20