Уг санамж бичгийг 2022 оны 11 дүгээр сард Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Тус санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЗГХА-Ойн газар болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар хамтран 2023 оны 1 дүгээр сараас “Замын зураг”-ын төслийг хэлэлцэн тохиролцох ажлыг гүйцэтгэж эхэлсэн.
Энэ хугацаанд “Замын зураг”-ын төслийг аймаг, сумын ойн газар болон аймгуудын БОАЖГ-ын төлөөллүүдэд орон нутгийн байгууллагуудын оролцоог хангах, мэдээлэл дамжуулах, танилцуулах зорилго бүхий уулзалт, Шинжлэх ухааны болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг бусад оролцогчдтой хийх уулзалтыг тус тус зохион байгуулан санал, хүсэлт, зөвлөмжийг тусган сайжруулалтыг хийлээ.
Улмаар энэ оны 6 дугаар сарын 9-ны өдөр ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон ЕХ-ны Хамтын ажиллагааны даргаар ахлуулсан төрийн байгууллагуудын оролцоотой Шинжээчдийн ажлын хэсэг хуралдан Замын зургийн төслийг хэлэлцэн санал зөвлөмжөө нэгтгэв.
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр уг санамж бичгийн хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Европын холбооноос Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз нарын даргалдаг “Бодлогын дэмжлэг үзүүлэх” ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж “Замын зураг”-ийг хоёр тал эцэслэн баталлаа. Ингэснээр санамж бичиг байгуулагч талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарEU Delegation to Mongolia